АНУ нууц Сансрын хөлөг хөөргөлөө

АНУ-ын Агаарын хүчний нууц сансрын хөлгийг тээвэрлэсэн Атлас-5 пуужин өчигдөр Флорида мужийн агаарын баазаас амжилттай хөөрлөө. Армийн нууцын зэрэглэлд хамаарч байгаа энэхүү ажиллагааг анх мэргэжилтнүүд бямба гарагт зохион байгуулахаар товлоод байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан нэг өдрөөр хойшлуулж, өчигдөр хөөргөх шийдвэр гаргажээ. Хэдийгээр Пентагоны зүгээс "X-37B" хэмээх энэхүү сансрын хөлгийг шинжлэх ухааны судалгаа шинжилгээний зорилгоор ашигладаг хэмээн тайлбарладаг ч үнэн хэрэгтээ тагнуулын шугамаар, цэргийн зорилготой нууц далгавруудыг гүйцэтгэхэд ашигладаг байж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд таамагладаг байна.

АНУ-ын арми өмнө нь энэхүү хөлгийн 6 хувилбарыг туршилтаар хөөргөснөөс сүүлд явуулсан ажиллагаа нь л гэхэд нийтдээ 780 өдрийн турш үргэлжилж  байжээ.

Тэгвэл одоогийн хөлөг дэлхийн доод тойрог замд хэр удах нь тодорхойгүй байгаагийн зэрэгцээ пентагоны зүгээс тус хөлгийг тойрог замын хаана байрлуулснаа ч чандлан нууцалж байгаа юм. Энэ удаагийн ажиллагаагаар дамжуулаад АНУ-ын агаарын хүчнийхнээс "Хүчирхэг америк" гэсэн утгатай үгсийг пуужин дээр бичиж, цар тахлын үеэр фронтын шугамд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлжээ.