Дэлхий дахинд

Өнөөдөр дэлхий дахинд Ковид-19 халдвар авсан хүний тоо 4.8 сая даваад байгаа бол нас барсан хүний тоо 320 мянгад хүрээд байна.

Сүүлийн үед халдварын тархалт харьцангуй намжиж байгаа Их Британид амтлах болон үнэрлэх мэдрэмжээ алдах шинж тэмдгийг Ковид-19 цар тахлын үндсэн шинж тэмдгийн жагсаалтад албан ёсоор оруулах шийдвэр гаргажээ.

Германы Канцлер Ангела Меркел болон францын ерөнхийлөгч Эмануэль Макрон европын холбооны Ковид-19 цар тахлаас сэргэх хөтөлбөрийн хэсэг болох  500 тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай Франц- Германы санг байгуулснаа зарлалаа. Харин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп энэ даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хумхаа өвчинд ашигладаг эмийг Ковид-19 цар тахлын эмчилгээнд дур мэдэн ашиглаж байгаагаа мэдэгджээ.

Хэдийгээр энэхүү эмийн гаж нөлөөний талаар АНУ-ын эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүд удаа дараа анхааруулж  байсан ч ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс өнөөг хэр нь халдвар аваагүй байгаа шалтгаанаа өдөр бүр энэхүү эмийг уусантай холбоотой хэмээн мэдэгдсэн байна.  Тэгвэл энэхүү мэдэгдлийн дараагаар АНУ-ын хүнс ба эмийн хяналтын газраас  тус эмийг зүрхний хэм алдагдуулах гаж нөлөөтэй гэдгийг дахин анхааруулаад заавал эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөсөн юм.  

Дэлхий даяар хөл хориог хэсэгчилж цуцалж байгаатай холбоотойгоор далайн эрэг дээр амрах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа тул амны хаалт зүүж,  нийгмийн биет харилцааг хязгаарлахыг холбогдох байгууллагаас мэдэгдсэн байна.