Хонконгийн хууль тогтоох зөвлөлийн хуралдааны үеэр дахин маргаан дэгдэв.

Өчигдөр Хонконгт болсон хуралдааны үеэр хууль тогтоох зөвлөлийн төв хорооны даргыг сонгох тухай асуудлаар хууль тогтоогчдын хооронд маргаан дэгдсэний улмаас зарим гишүүдийг танхимаас хөөн гаргах арга хэмжээ авсан байна.

Сүүлийн үед Хонконгт хятад улсын төрийн дуулалтай холбоотой хуулийн төсөл хэлэлцэгдэж, ардчиллын төлөөх тэмцэгчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа энэ цаг үед хууль тогтоох зөвлөлийн төв хорооны даргаар Бээжингийн талд хамааралтай хүнийг томилохоор сонгосон нь маргаан дэгдэх үндсийг тавьжээ.

Хэрэв дээрх хуулийн төсөл батлагдвал Хятад улсын төрийн дууллыг гутаан доромжилсон гэсэн үндэслэлээр 3 хүртэлх жилийн ял шийтгэл оногдуулахаар болж байгаа төдийгүй энэ нь БНХАУ-ын коммунист намын үзэл бодлоор Хонконгийн жирийн иргэнийг ч ялтан болгох эрсдэлтэй тул ардчиллын төлөөх тэмцэгчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Өнгөрөгч онд Хонконгоос эх газрын хятад руу ялтан шилжүүлэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлсэн нь олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал гарах үндсийг тавьж, эцэстээ тусгаар тогтнолын төлөөх тэмцэл хөдөлгөөн болтлоо өргөжин тэлээд байсан юм. Хэдийгээр тухайн эсэргүүцлийн жагсаалууд цар тахлын нөлөөгөөр хэсэг зуур намжаад байгаа ч өөр нэгэн маргаантай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлсэн нь иргэдийн уур хилэнг дахин өдөөх вий гэсэн болгоомжлолыг үүсгээд байна.

БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонконгийн тухайд олон улсын зарим тэмцээн уралдаануудад өөрсдийн багийг оролцуулдаг ч Хятад улсын төрийн дууллыг эгшиглүүлдэгт зарим хүмүүс эрс эсэргүүцэл үзүүлж эхлээд байгаа юм.  Тухайлбал Хятадын төрийн дуулал эгшиглэх үед Хонконгчуудын зүгээс бүүлэх зэргээр илт дургүйцлээ илэрхийлж, өнгөрөгч оны 6-р сараас 12-р сарыг хүртэл асралтгүй зохион байгуулагдсан эсэргүүцлийн жагсаалуудын үеэр "GLORY TO HONG KONG" гэсэн дууг өөрсдийн албан бус төрийн дуулал болгон ашиглаж байсан нь Бээжингийн эрх баригчдын зүгээс мөн багагүй эсэргүүцэлтэй тулгараад байсан юм.