Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн "Ковид-19" -ийн батлагдсан тохиолдол 140-д хүрсэн ч үүнтэй зэрэгцэн иргэд бүрэн эмчлэгдэж, эмнэлгээс сувилал руу тусгаарлагдаж байгаа таатай мэдээлэл байна. Тухайлбал өнөөдөр 3 иргэний нарийн шинжилгээний хариу сөрөг гарснаар дараагийн шатны тусгаарлалтад шилжлээ. Ингэснээр 11 иргэн сувилалд тусгаарлагдаж байгаа бол 13 хүн гэрийн ажиглалтад байна.

Манай улсад анхны тохиолдол бүртгэгдсэн 3-р сарын 10-аас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 140 тохиолдол бүртгэгдсэн ч иргэдийн биеийн байдал, настай холбоотойгоор дунджаар 14-55 хоногийн хугацаанд 24 иргэн ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэн эдгэрээд байна. Тодруулбал, биеийн байдал дээрдсэн иргэдийн тухайд 3 өдрийн турш цус, шээс, залгиур хоолойноос 5 төрлийн сорьцын шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд ХӨСҮТ эдгэрсэн гэж үздэг. Улмаар дараагийн шатны сувилал руу шилжиж, тодорхой хэмжээний шинжилгээг удаа дараа өгдөг байна. Учир нь Ковид-19  тусаад эдгэрсэн ч  дахин халдвар авсан тохиолдол хилийн чанадад бүртгэгдсэн учраас дараагийн шатны тусгаарлалт, ажиглалт бүрт шинжилгээ авах хяналтын тогтолцоог нэвтрүүлжээ.

Өнөөдрийн байдлаар эдгэрсэн 11 иргэн сувилалд тусгаарлагдаж байгаа бол Франц улсын иргэн, Турк улсын 3 иргэн болон манай улсын 9 иргэн гэрийн ажиглалтад шилжжээ. Одоогоор эдгэрээд гэрийн болон сувилалд тусгаарлагдан ажиглагдаж байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна.