Яармаг дахь нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг 2-р улиралд багтаж ашиглалтад оруулна.

Ковид-19  халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд 4-р сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 10 мянган хүн тутамд оногдох халдварт өвчний тоо 12.7 хувиар буурчээ. Тодруулбал  4-р сарын байдлаар амьсгалын замын халдварт өвчин нийт амбулаторийн үзлэгийн 1.5 хувийг эзэлж байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хүүхдүүдийн дундах амьсгалын замын халдварт өвчин буурч дүүргүүд дэх хүүхдийн орны ачаалал багассан болохыг нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлж байна. Уг цар тахлын үед бусад төрлийн халдварт өвчин, тэр дундаа хаврын улиралд  зонхилон тохиолддог халдварт өвчин буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал цусан суулга 4.1 хувь, салмонеллёз 8 хувь, амьсгалын замаар дамжин халдварладаг улаан эсэргэнэ 1.3 хувь, салхин цэцэг 10.7 хувь буурсан байгаа юм. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал буурсан үзүүлэлттэй байна. 2019-2020 онд томуугийн улирлын үед нийслэлийн хэмжээнд 1033 хүүхдийн ор ажиллаж байсан бол  өнгөрөгч 7 хоногийн байдлаар нийслэлийн хэмжээнд 370  орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн  50 орчим хувь нь амьсгалын замын өвчлөлөөр хэвтэн эмчлүүлжээ. Тэгвэл нийслэлийн хэмжээнд эх хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх яармаг дахь хүүхдийн эмнэлэг удахгүй ашиглалтад орох юм. 95 хувийн гүйцэтгэлтэй яваа яармагийн хүүхдийн эмнэлэг нь нийслэлийн хэмжээнд эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. 300 ортой тус эмнэлэгт 1600 ор дэлгэх боломжтой. Энэхүү эмнэлэг эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эмнэлгийн ачааллыг ихээхэн хэмжээгээр бууруулна гэж үзэж байна.

Төрөх эмнэлгийн барилга нийт долоон блокоос бүрдсэн, 34.200 метр.кв, 2.4 га талбай, 400 авто машины зогсоол, 880 өрөөтэй. Одоогоор хоёр блок барилга ашиглалтад орж тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсныг салбарын сайд онцолж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хоёрдугаар улиралдаа багтаагаад ашиглалтад оруулах боломжтой гэв.