Дэлхий дахинд

Дэлхий нийтэд  Ковид-19 халдвар авсан хүний тоо 4.9 сая даваад байгаа бол нас барсан хүний тоо 324 мянгад хүрээд байна. Харин дэлхий даяар  эдгэсэн хүний тоо 1,9 саяд хүрсэн таатай мэдээ байна.Сүүлийн үед халдварын тоо эрчимтэй өсөж байгаа Бразил улсын хувьд Ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш хамгийн их буюу 17 мянга гаруй тохиолдол өчигдөр  бүртгэгджээ. 11 сая оршин суугчтай Сан Паулу хотод л гэхэд  Ковид-19 халдвараар 324 хүн нас барсан хэмээн мэдээлсэн байна. Тиймээс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Латин Америк тэр дундаа Бразил улс руу аяллын хориг тавих бодолтой байгаагаа мэдэгджээ. Харин АНУ-д одоогийн байдлаар 1.5 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж дэлхийд Ковид-19 халдвар авсан хүний тоогоор 1-т бичигдэж байна. Халдварын тоогоор 2-т бичигдэж эхэлсэн ОХУ-ын хувьд Ковид-19 халдвар авсан хүний тоо 300 мянгад хүрээд байгаа юм.

Мөн энэ сарын эхэнд тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин Ковид-19-ийн халдвар авсан нь тогтоогдож, өөрийгөө тусгаарлаад байсан бол тэрбээр эдгэж ажилдаа буцаж орсныг албаныхан мэдэгдлээ.

Тоног төхөөрөмж хүрэлцэхгүйн улмаас хохирол их амсаж байгаа талаар дурдсан Ерөнхийлөгч Владимир Путины хүсэлтийн дагуу АНУ 200 амьсгалын аппаратыг ОХУ руу хүргүүлэхээр шийдсэнийг эх сурвалж мэдээлжээ. Эхний 50 аппаратыг өнөөдөр илгээхээр бэлдээд байгаа юм байна.