Тоглоомын талбай стандартын шаардлага хангаагүй бол СӨХ, Мэргэжлийн хяналтын газарт хандах хэрэгтэй

Дулааны улиралд хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад гэмтэж бэртэх тохиолдол ихэсч байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлж байна.

Тэгвэл нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууцны хороолол дундах хүүхдийн тоглоомын талбай нь хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар стандартын шаардлагад тусгасан байдаг. Гэвч стандартын шаардлага хангаагүй тоглоомын талбай байсаар байгаа нь хүүхэд гэмтэж бэртэх эрсдэлт хүчин зүйл болж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар стандартын шаардлага хангаагүй тоглоомын талбайд тоглож байгаад бэртэж гэмтсэн 5000 гаруй хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тэгвэл дулааны улиралд гадна орчинд хүүхэд бэртэж гэмтэх тохиолдол ихэссэн болохыг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлж байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй 300 орчим хүүхдийн тоглоомын талбай байгааг судалж тогтоосон байна. Тэгвэл дулааны улиралд хүүхдүүд ихэвчлэн хүүхдийн тоглоомын талбайд цагаа өнгөрүүлж байгаа учраас хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал маш чухал болоод юм.

2019 онд батлагдсан Хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг тухайн орон сууцны хорооллын СӨХ хариуцах ёстой. Харин нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа хүүхдийн тоглоомын талбайг тухайн дүүргийн тохижилтын газраас хариуцдаг. Харин стандартын хэрэгжилтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажилладаг.

Орон сууцны хороололд нь хүүхдийн тоглоомын талбай байдаггүй, зай талбай жижиг зэргээс шалтгаалан эцэг эхчүүд зай талбай ихтэй, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбайг зорьж очиж хүүхдээ тоглуулдаг болохыг ярьж байна. үүнээс шалтгаалж хүүхдийн тоглоомын талбайн ачаалал ихсэх, хүүхдүүд олноор цуглаж бэртэх гэмтэх эрсдлийг дагуулж байна. Тиймээс орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайд хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хэрэгжүүлэх шаардлага байна.