Хар салхинаас үүдэн Энэтхэг болон Бангладешт хэдэн сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

  Энэтхэгийн далайн зүүн хойд хэсэгт орших Бенгалийн буланд асар хүчтэй далайн хар салхи үүссэний улмаас Энэтхэг болон Бангладешт хэдэн сая хүнийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна.Сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож байгаа Амфан хэмээх энэхүү хар салхи нь өнөөдөр Энэтхэгийн баруун бенгал болон орисса мужийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа юм.

 Улмаар байгалийн гамшгаас үүдэлтэйгээр учирч болох аливаа эрсдлээс сэргийлэхийн тулд 20 аврах багийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлснээ Энэтхэг улсын албаныхан мэдэгджээ.

Дэлхий нийтээр цар тахлын аюул нүүрлээд байгаа энэ цаг үед энэтхэгт хөл хорионы дэглэмээс шалтгаалан олон мянган  иргэн ажилгүй болж, улмаар томоохон хотуудаас алслагдмал хот тосгодуудыг зорих хүмүүсийн тоо нэмэгдсэн бөгөөд цагаачид хамгийн ихээр ирсэн мужуудад баруун Бенгал болон Орисса гэсэн дээрх 2 муж багтаж байгаа юм.

Тэгвэл энэхүү хүндхэн нөхцөл байдалтай зэрэгцээд эдгээр мужуудыг асар хүчтэй далайн хар салхи чиглэн ирж яваатай холбогдуулаад Энэтхэг улсын албаныхнаас хамгийн өндөр эрсдэлтэй бүсүүд дэх 300 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авснаа мэдэгджээ.

Харин тус улстай хил залгаа Бангладеш улсад далайн эргийн дагуу оршин суудаг 2 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа төдийгүй 12 мянган түр хорогдох байрыг ашиглалтад оруулсан тухай тус улсын гамшигтай тэмцэх газар мэдэгдсэн байна.