Дэлхий даяар 24 цагийн дотор “Ковид-19” цар тахлын 106.000 тохиолдол бүртгэгджээ .

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд  Ковид-19 халдвар авсан хүний тоо 5 сая даваад байгаа бол нас барсан хүний тоо 329 мянгад хүрчээ.

Өнгөрөгч лхагва гарагт Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойших хамгийн олон тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом мэдээллээ. Тэрбээр  Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр "Бидний өмнө энэхүү цар тахлыг туулахад урт зам байгааг энэ тоо харууллаа"  хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ өдөр дэлхий даяар нийт 106 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн юм.

Тэгвэл эдгээр 106 мянган шинэ тохиолдлын гуравны хоёр нь  АНУ, ОХУ, Бразил мөн Энэтхэг улсад бүртгэгдсэн байна. Бразил улсын хувьд сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа төдийгүй халдвар авсан хүний тоогоор дэлхийд  эхний 3-т бичигдэж эхэлсэн байна.

Тус улс Ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш хамгийн их буюу 17 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнийг өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн бол өчигдөр 20 мянга гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Тэгвэл өчигдөр Бразил улсын ерөнхийлөгч Жайр Болсонару хумхаа өвчинд ашигладаг эмийг Ковид-19 цар тахлын эмчилгээнд ашиглах болсон талаар твиттер хуудсаараа мэдэгдсэн байна. Уг эмийг өнгөрсөн даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп халдварын эмчилгээнд дур мэдэн ашиглаж байгаагаа мэдэгдсэн юм.

Хэдийгээр энэхүү эмийн гаж нөлөөний талаар АНУ-ын эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүд удаа дараа анхааруулж  байсан ч Бразилын эрүүл мэндийн яамнаас Ковид-19 цар тахлын эмчилгээнд энэ эмийг ашиглах зөвшөөрлийг эмч мэргэжилтнүүдэд олгосон байна.