Энэтхэг болон Бангладешт хар салхины улмаас 15 хүн амь үрэгджээ.

Бангладеш болон Энэтхэг улсын зүүн хэсгээр дайрч өнгөрсөн Амфан хэмээх далайн хар салхины улмаас 15 хүн амь үрэгдэж, үерийн гамшиг нүүрлэх эрсдэл тулгараад байна.

1999 оноос хойш Бенгалийн буланд үүссэн хамгийн хүчтэй далайн хар салхинд тооцогдож байгаа энэхүү гамшигт үзэгдлийн нөлөөгөөр моднууд үндсээрээ булгаран унаж, байшин барилгуудын дээвэр салхинд хийсЭЖ , цахилгаан эрчим хүч тасалдсаны дээр гүүр, далангууд нуран унажээ. Улмаар Энэтхэгийн зүүн эргийн бүсийг дайран өнгөрсөн тус хар салхи 180 километр цагийн хурдтайгаар Бангладеш улсыг дайраад байгаа бөгөөд тус улсын гамшигтай тэмцэх газраас  3 сая орчим хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авснаа зарласан байна. Цаг уурчдын мэдээлж байгаагаар хар салхины нөлөөгөөр 300 миллиметр орчим хур тунадас орох төлөвтэй байгаа учир үерийн гамшиг болоод хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэйг анхааруулжээ.

Дэлхий дахинд тулгамдаад байгаа Ковид-19 цар тахлын нөлөөгөөр хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа энэ цаг үед байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэсэн нь нүүлгэн шилжүүлэх ажил болоод аврах ажиллагаанд саад учруулж, цаашлаад халдварын тархалт нэмэгдэх хүчин зүйл болж байна. Улмаар цар тахлын аюулаас сэргийлэх зорилгоор хүмүүсийг нэг дор олноор нь байрлуулахаас зайлсхийж, сургууль цэцэрлэгийн байгууламжуудыг түр хорогдох байр болгон ашиглаж байгаагийн зэрэгцээ халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөж байгаагаа албаныхан мэдээлсэн юм.