Ял, шийтгэл чангарсан ч малын хулгай буурахгүй байна гэж малчид үзэж байна.

Энэ оноос мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл чангарснаас оны эхний улирлын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарчээ. Гэсэн ч малчдын хувьд мал хулгайлах гэмт хэрэг буурахгүй байна гэж үзэж байна. Тиймээс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг сайжруулах шаардлагатай гэж малчдын төлөөлөл онцолж байна.

2019 онд мал хулгайлах 1809 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 69 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тэгвэл энэ оны эхний 4-р сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 579 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 69 нэгжээр буюу 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  Улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт хамгийн өндөр бүртгэгдэж байна.

 Улсын их хурлаас эрүүгийн хуульд заасан мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгаж өөрчилсөн юм. Тодруулбал хуульд зааснаар найман бог, хоёр бод хулгайлсан этгээдийг  зургаан сар зорчих эрхийг хязгаарлахаас 5 жил хүртэл ял эдлүүлэх, түүнээс  дээш тооны мал хулгайлбал хүндрүүлэх нөхцөлөөр 2-8 жил хүртэл хорих ял эдлүүлэхээр заасан.  

Мал хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн шөнийн цагаар малын бэлчээрт үйлдэгддэг байна. Тиймээс малчдыг малаа хариулгагүй, хараа хяналтгүй, олон хоногоор эзэнгүй орхихгүй байхыг цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байгаа.

Тэгвэл мал хулгайлах гэмт хэрэг хамгийн өндөр бүртгэгддэг аймгуудын нэг болох Архангай аймгийн малчдын төлөөлөл малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн Архангай аймгийн цэнхэр сумын Алтан-овоо, Буйлан багийн малчид малын хулгайчид малчин айлыг эртнээс маш сайн судалж малыг нь хулгайлдаг болохыг онцолж байгаа юм. Тухайлбал Архангай аймгийн цэнхэр сумын буйлан багт сүүлийн 6 сарын байдлаар 400 гаруй бод мал хулгайд алдагджээ.

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран малын гэрчилгээний цахим системийн сургалтыг 9 дүүрэг, 332 сумдын нийт 2200 малын эмч цагдаагийн албан хаагчдад зохион байгуулсан байдаг. Мөн хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран малчин лавлах 109 утсыг ажиллуулж мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр иргэдээс мэдээлэл хүлээн авч ажиллаж байна. Хамгийн гол нь орон нутгийн малчдын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, малыг таних тэмдэг им тамгалуулж бүртгүүлэх, малыг хараа хяналттай, хариулгатай бэлчээрт гаргах нь мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал нөлөөтэй болохыг цагдаагийн байгууллагаас онцолж байна.