Дэлхий дахинд

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд  Ковид-19 халдвар авсан хүний тоо 5 сая даваад байгаа бол нас барсан хүний тоо 334 мянгад хүрээд байна.

Харин дэлхий даяар энэ халдвараас эдгэсэн хүний тоо 2 сая давжээ.

Өнгөрсөн 7 хоногт Европын зарим улсууд хөл хорионы дэглэмээ сулруулж, хүүхдүүд хичээл сургуульдаа эргэн явж эхэлсэн боловч Франц улсын нэгэн бага сургуульд нэг өдрийн дотор 30 халдварын тохиолдол бүртгэгдсэн тул сургуулиудыг түр хугацаанд дахин хаах шийдвэрийг холбогдох газраас гаргалаа. Өнгөрөгч лхагва гарагт тус улс далайн эргүүдэд иргэдийг амарч, аялах, загасчлах эрхийг нь нээсэн ч  Франц улсын баруун хойд зүгт байрлах 3 хот тэр өдрөө  буцаан хаах шийдвэр гаргасан байна.

Мөн БНСУ ахлах сургуулиа хэсэгчлэн нээсэн боловч инчон хотод хэдхэн цагийн дараа халдварын 2 шинэ тохиолдол сурагчдаас бүртгэгдсэн тул дахин хаах шийдвэр гаргажээ.

Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт АНУ-ын  Халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн Энтони Фочигийн зүгээс хөл хорионы дэглэмийг хэт эрт сулруулах нь асар том эрсдлийг дагуулна хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн тэрбээр тус улсад жил болгоны 5-р сарын сүүлчийн даваа гарагт болдог амиа алдсан АНУ-ын цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх өдрөөр  50 муж хөл хорионы дэглэмийг цуцлахаар төлөвлөөд байгааг мэдэгдсэн байна. Ковид-19 цар тахлын халдвар авсан хүний тоо АНУ-ын хувьд 4 хоног дараалан харьцангуй буурч байсан ч өчигдөр 28 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.