АНУ

Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх боломжийг олгодог "Open skies" буюу "Нээлттэй тэнгэр" гэрээнээс АНУ албан ёсоор гарч байгаагаа зарлалаа. Европын улс орнуудын дунд харилцан итгэлцлийг бий болгож, зэвсэглэлд хяналт тавих зорилготой тус гэрээг 1992 онд финландын нийслэл Хельсинки хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд байгуулж байсан бөгөөд 2002 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс гэрээнээс гарах болсон шалтгаанаа ОХУ гэрээг удаа дараа зөрчсөнтэй холбон тайлбарласан ч ОХУ-тай цаашид шинээр илүү сайн гэрээ байгуулах боломж бий гэдэгт найдаж  байгаагаа мэдэгджээ.

Үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яам гэрээг зөрчсөн гэсэн шүүмжлэлийг эрс няцаагаад АНУ-ын шийдвэрт харамсаж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн энэхүү үйл явдал нь Натогийн гишүүн орнуудын дунд ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэйг анхааруулжээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-тай байгуулсан зэвсэг, цэрэг армийн гэрээнүүдээс толгой дараалан гарч байгаа нь дэлхий дахинд зэвсэглэлээр хөөцөлдөх явдал дахин газар авах вий гэсэн болгоомжлолыг ажиглагчдын дунд үүсгээд байна.

Тухайлбал өнгөрсөн 2019 онд ерөнхийлөгч Доналд Трамп Зөвлөлт холбоот улсын үед байгуулж байсан "Дунд тусгалын цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээ"-нээс гарч байгаагаа зарласнаар дэлхий дахинд зэвлэглэлээр хөөцөлдөх явдал дахин сэргэж, зэвсэглэлд хяналт тавих бүхэл бүтэн тогтолцоо нуран унах эрсдэл тулгараад байгаа юм.