Тоглоомын талбайгүй учраас хүүхдүүд эрсдэлтэй газар тоглон гэмтэж байна

Орон сууцны хотхон хорооллын стандартад ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар тусгасан байдаг ч уг стандарт хэрэгжихгүй байгаа хотхон хорооллууд байсаар байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах "Тулга" хотхон ашиглалтад ороод 5 жил болж байгаа ч өнөөг хүртэл хүүхдийн тоглоомын талбайгүй байна. Тоглоомын талбайгүй учраас хүүхдүүд ойролцоох барилгын хашаа, эрүүл мэндэд эрсдэлтэй орчинд тоглож байгаа юм.

 "Тулга" хотхоны хоёр блок бүхий 144 айлын орон сууцны барилгын зураг төсөлд тоглоомын талбайг шийдсэн гэж барилгын компанийн зүгээс иргэд оршин суугчдад танилцуулж байжээ. Гэвч өнөөг хүртэл зураг төслийн дагуу тоглоомын талбайг бариагүй байна. Мөн 2015 оноос хойш иргэд оршин суугчид СӨХ-ийн төлбөр мөнгийг төлж ирсэн ч хариуцагч тал орчны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах тал дээр маш хангалтгүй ажиллаж иржээ. Бид тус хотхоныг барьсан гүйцэтгэгч Тулга компаниас энэ талаар тодруулахад хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөж байгаа гэхээс өөр тайлбар хэлээгүй юм.