Дөрөвдүгээр сарын  байдлаар 513.6 мянган даатгуулагч НДШ-ийн чөлөөлөлтөд хамрагджээ

        Ковид-19 цар тахалтай холбогдуулан засгийн газрын тогтоолоор Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар төлөлтийг 10-р сарын 1 хүртэл чөлөөлөхөөр болсон улмаар шийдвэр өнгөрөгч сарын 1-ээс эхлэн албажиж, 4-р сарын тайлан мэдээгээр 513.6 мянган даатгуулагч Нийгмийн даатгал шимтгэлээс чөлөөлөгджээ. Үүнээс  122 мянга гаруй нь сайн дурын даатгуулагчид байна.

"Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам" эцэслэгдсэнээр нийт 39.6 мянган ААНБ болон тухайн байгууллагуудад ажилладаг албан журмын даатгуулагчид, мөн сайн дурын даатгуулагчид гээд нийт 705 мянган иргэн 4-р сарын 1-ээс 10-р сарын 1 хүртэлх хугацаанд НДШ-ээс чөлөөлөгдөх тооцоо гарсан. Улмаар нийгмийн даатгалын хэлтсүүд 5-р сарын 10-ныг хүртэл ААНБ-уудаас НДШ-ийн тайлан мэдээллийг хүлээн авчээ. Тэгвэл 4-р сард нийт 513.6 мянган даатгуулагч НДШ-ээс чөлөөлөгдсөн байна.

Түүнчлэн журмыг боловсруулж байх үеэр тухайн албан журмын даатгуулагчийн өмнөх саруудад төлсөн цалингаас хамаарч, НДШ-ийг 4-р сарын цалингаас тооцно гэх мэдээлэл байсан. Харин журмыг албажуулснаар, тухайн даатгуулагчийн тухайн сарын цалингийн хэмжээнээс тооцон бодолт хийж, НД-ын дэвтэр дээр баталгаажуулж байгаа гэлээ.

Өнөөдрийн байдлаар тухайн албан журмын даатгуулагчид болон сайн дурын даатгуулагчдын нд-ын дэвтэр дээр 4-р сарын НДШ төлөгдсөн байдлаар бичилтийг хийсэн байна. Тиймээс иргэд НДШ төлөгдсөн эсэх лавлагаа авах гэж байгаа тохиолдолд хүндрэл үүсэхгүй юм байна.