Энэ жил дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байна.

Дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахлаас үүдэн дэлхийн аялал жуулчлалын салбар 70-80 хувийн уналтад орох нөхцөл үүсээд байгааг дэлхийн аялал жуулчлалын холбооноос онцолж байгаа. Харин манай улсын хувьд энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байсан. Гэвч нөхцөл байдалтай холбоотойгоор дотоодын ихэнх аялал жуулчлалын компани аж ахуй нэгжүүд тэг зогсолт хийгээд байна. Тэгвэл манай улс "Ковид-19"-ийн халдвар дотоодод дэгдээгүй байгаа нөхцөл байдалд тулгуурлаж дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байна.  

Манай улс өнгөрсөн жил хагас сая жуулчин хүлээн авч аялал жуулчлалын салбараас 600 гаруй сая долларын орлого олсон байдаг. Тэгвэл энэ жил нийт ажлын байрны 10 хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбар нь Ковид-19 халдварт цар тахлын улмаас хүндхэн сорилттой тулгараад байгааг салбарынхан онцолж байна. Тиймээс энэ нөхцөл байдалд аж ахуй нэгжүүдэд ажлын байраа хадгалж үлдэх, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг салбарын төлөөллүүд хэлж байна. 

Цар тахлаас үүдэж аялал жуулчлалын салбарт хамаарах авиа компаниудын 25 сая ажлын байр, дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбарын 100 сая гаруй ажлын байр цомхотголд орох тооцоотой байна. Манай улсад ч гэсэн аялал жуулчлалын салбарыг дагасан ажлын байрууд хүнд нөхцөлд байгаа юм. Гэхдээ дотоодод халдвар тархаагүй давуу талыг ашиглаж дотоодын аялал жуулчлалыг сэргээх боломж байгааг онцолж байна. Өнгөрсөн жил гэхэд давхардсан тоогоор 2.4 сая монголчууд гадны улс орон руу аялсан байна. Өөрөөр хэлбэл энэ жил дээрх дотоодын 2 сая гаруй жуулчин эх орондоо аялах, хөрөнгө оруулах боломж бүрдэж байгаа юм.

Манай улсын аялал жуулчлалын компани аж ахуйн нэгжүүд дотоодын аялал, гаднаас жуулчин хүлээн авах, гадагшаа дотоодын жуулчдыг аялуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл энэ жил дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд аялал жуулчлалын компаниуд нэгдэн "Монголдоо хариуцлагатай аялъя" уриалгыг дэвшүүлсэн байна.