Дэлхий дахинд Ковид-19 халдвар авсан хүний тоо 5.5 саяд хүрлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд  Ковид-19 халдвар авсан хүний тоо 5.5 сая,  нас барсан хүний тоо 346 мянгад хүрээд байна. Сүүлийн үед халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа Бразил улсын хувьд халдвар авсан хүний тоогоор ОХУ-ыг гүйцэж, АНУ-ын дараа дэлхийд 2-т  орж байна.

Ковид-19 цар тахлын улмаас өнгөрсөн долоо хоногт  болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Латин Америк тэр дундаа Бразил улс руу аяллын хориг тавих бодолтой байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл өчигдөр цагаан ордны зүгээс тус улстай агаарын хилээ хааснаа зарлажээ. Мөн  сүүлийн 14 хоногт Бразил улсаар аялсан гадаад иргэдийг АНУ-ын хилээр оруулахгүй хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ тус аяллын хориг АНУ-ын иргэнд хамаарахгүй юм.

Дэлхийд халдварын тоогоор 1-т бичигдэж байгаа АНУ энэ амралтын өдрүүдээс эхлэн 50 мужийн хөл хориог цуцалсны улмаас зарим мужид халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.АНУ дахь халдварын голомт болсон Нью-йорк хотын цагдаагийн албанаас Ковид-19 халдвараар өвчилсөн 5739 албан хаагчийн 5598 нь эдгэн ажилдаа буцан орсон таатай мэдээг хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

Зарим орнуудад халдварын тохиолдол харьцангуй буурч байгаа ч Латин Америкийн улсууд дараагийн голомт болон хувирах магадлалтай байгаа төдийгүй олон хүн цугларсан газраар явахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.