БНХАУ анхны судалгааны станцаа энэ зун Ангараг руу илгээнэ

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн дунд газар аваад байгаа сансрын уудмыг шинжлэн судлах их өрсөлдөөнд манай урд хөрш БНХАУ сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирээд байгаа юм. Өнгөрөгч онд л гэхэд сарны нууцлаг хэсэгт амжилттай газардсан тус улсын тухайд ирэх 7-р сар гэхэд өөрсдийн судалгааны станцаа Ангараг гараг руу  илгээх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан байна.

"Тяньвен-1" хэмээх энэхүү төслийн хүрээнд Хятад улс ангараг гарагийн тойрог замд судалгааны станцаа байршуулж, газардагч роботын тусламжтайгаар улаан нүдэн гарагийн гадаргууг шинжлэн судлахаар зорьж байгаа юм. Эх дэлхийгээс Ангараг руу хүрэхэд ойролцоогоор 55 сая километр зай туулах шаардлагатай төдийгүй хэрэв энэхүү ажиллагаа нь амжилттай болвол Хятад улс АНУ болон Зөвлөлт холбоот улсын дараагаар Ангараг гараг дээр буусан гурав дахь үндэстнээр тодрох юм.

Хятад улсын тухайд Ангараг гараг дээр хийх энэхүү төслөөс гадна сар руу анхны сансрын нисгэгчээ илгээх болон 2022 он гэхэд өөрсдийн гэсэн сансрын станцыг байгуулах зэргээр сансар судлалын салбарт томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Харин энэ чиглэлд хэдэн арван жилийн туршид тэргүүлэгч гүрнээр нэрлэгдэж байгаа АНУ-ын тухайд нийтдээ 4 судалгааны станцыг Ангараг гараг руу илгээсэн байдгаас тав дахь судалгааны станцаа мөн энэ зун илгээхээр төлөвлөөд байгаа юм.