Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг гэртээ тэмдэглэхийг уриаллаа.

Ковид-19 халдварт цар тахлын үед хүүхдийн баярыг гэртээ гэр бүлтэйгээ тэмдэглэхийг мэргэжлийн байгууллагаас уриалж байна. Тодруулбал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас энэ жил олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг " Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай" уриан дор гэр гэртээ тэмдэглэхийг уриаллаа. 

Энэ хүрээнд ирэх зургаадугаар сарын нэгэнд тохиох хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Мөн хүүхдийн баяраар гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, хүүхдийг дэмжих, оролцоог хангахыг нийт эцэг эх, асран хамгаалагчдад уриалж байна. Цаашид ч Ковид-19 цар тахлын онцгой нөхцөлд хүүхдэд тавих хараа хяналт, анхаарлыг сулруулахгүй байхыг анхааруулж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагыг хүүхдийн эрхийг хамгаалах талаар мэдээ, сурвалжилга бэлтгэж,  мөн хүүхдэд зориулсан хөтөлбөр, нэвтрүүлгийг цацаж гэр гэртээ баярлах уриалгыг дэмжихийг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан уриалсан юм.