Манай улс шатахууны 33-61 хоногийн нөөцтэй байна.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өнгөрөгч саруудад буурсантай холбогдуулан манай улсад 4-р сарын 15-аас эхлэн шатахууны үнийг  200-300 төгрөгөөр бууруулна  гэж Засгийн газраас мэдэгдэж байсан. Ингэснээр 4-р сарын 5-ны өдрийн байдлаар литр тутамдаа 1600-2200 төгрөгт хүрээд байсан шатахууны үнийг буулгах шийдвэр хөрсөн дээр хэрэгжиж эхэлсэн.

Тодруулбал:

-  А80 шатахуун 1685 төгрөг, АИ-92 шатахуун 1729 төгрөг, АИ-95 шатахуун 2191 төгрөг, Дизель түлш 2262 төгрөгөөр худалдаалагдаж байсан байна.

- Харин 4-р сарын 22-ны өдрөөс А-80 болон АИ-92 шатахуун литр тутамдаа 300 төгрөгөөр, Дизель түлшний үнийг 190-310 төгрөгөөр бууруулжээ.

- Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд жижиглэнгийн борлуулалтын дундаж үнийн тухайд А-80 шатахуун 1350 төгрөг, АИ-92 1360 төгрөг, харин АИ95 шатахуун 1800 төгрөг, Дизель түлш 1990 төгрөгөөр худалдаалагдаж байна.

- Одоогоор эдгээр шатахуунуудын 33-61 хоногийн нөөц байгаа бөгөөд  шатахууны үнэ тодорхой хугацаанд тогтвортой хадгалагдана гэдгийг ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдлээ.

Түүнчлэн шатахууны үнэ өссөн гэсэн шалтгаанаар үнээ нэмж байсан байгууллагууд одооноос үнээ буулгах хэрэгтэй гэдгийг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурч, харин манай улсад 4-р сараас импортын хил үнэ буурч эхэлсэн. Ингэснээр иргэд шатахууны үнийг литр тутамд нь 200-300 төгрөгөөр буурсан байдлаар худалдан авч байгаа. Өчигдрийн байдлаар  А80 шатахууны 61 хоногийн нөөц, АИ92-ийн 33, ДТ-ний 40 хоногийн нөөцтэй байна. Өөрөөр хэлбэл ААН-үүд 133 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлжээ.

Шатахууны үнэ өсөхтэй зэрэгцэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, тээврийн салбар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг нэмдэг бичигдээгүй хууль бий. Харамсалтай нь шатахууны үнийг буулгахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон таксины үйлчилгээ үнээ буулгадаггүй. Тэгвэл МҮЭ-ээс мэдэгдэж байгаагаар такси нэг километрт 800 төгрөгөөр явдаг болох ёстой гэсэн шаардлагыг тавьжээ. Тиймээс АМГТГ-аас санал зөвлөмж гаргаад байна.Түүнчлэн шатахууны үнийг буулгасантай холбогдуулан А80 шатахууны октаныг сольж, АИ92 хэмээн борлуулж байна гэсэн мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл 5 сарын байдлаар А80 шатахууныг 15.000 тонныг л импортолсон гэдгийг АМГТГ-аас тайлбарлалаа.

Өчигдрийн байдлаар Брент төрлийн газрын тосны үнэ нэг баррель буюу  158.9 литр нь 35.77 ам.долларын ханштайгаар худалдаалагдаж байна.