Фейсбүүк компани хувийн чатны нууцлалыг нэмэгдүүлэх санал гаргалаа.

Дэлхий дахинд тархсан Ковид-19 цар тахлын улмаас фейсбүүк компанийн хувьцаа эзэмшигчдийн жил болгоны хурал цахимаар болох гэж байна.

Энэ хурлын үеэр тус компанийн хувьцаа эзэмшигчид фейсбүүкийн цахим нууцлалын шинэ бодлого болон менежментийн төлөвлөгөөний талаар санал бодлоо хуваалцах боломжтойгоороо ач холбогдолтой. Тус компанийн зүгээс мессенжерийн нууцлалыг сайжруулах санал дэвшүүлээд байгаа бол хувьцаа эзэмшигчдийн зүгээс хувийн чатны нууцлалыг нэмэгдүүлэх нь цахимаар бэлгийн мөлжлөг үйлддэг гэмт этгээдийг олоход хүндрэлтэй болно хэмээн эсэргүүцээд байна. Улмаар хувьцаа эзэмшигчдийн зүгээс үр дагаврыг нь сайн судалж энэхүү шийдвэрийг гаргах ёстойгоос гадна түр хугацаанд хойшлуулах тал дээр санал нэгдэж болзошгүй байгаа юм.

Фейсбүүк компанийн захирал Марк Зүкерберг 2019 оны 3 сард фейсбүүк мессенжер болон инстаграм-ын хувийн чат хэсгийн аюулгүй байдлыг сайжруулах хүсэлтэй байгаа талаар мэдэгдэж байсан юм. Түүнчлэн 2019 онд технологийн компаниуд бэлгийн мөлжлөгт өртөж байгаа хүүхдүүдийн 70 сая орчим видеог эрх баригчдад мэдэгдэж байсны 85 орчим хувь нь фейсбүүкээс илэрсэн байна.