АНУ-д

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд  Ковид-19 халдвар авсан хүний тоо 5.7 сая, нас барсан хүний тоо 356 мянгад хүрээд байна. Харин дэлхий даяар эдгэсэн хүний тоо 2.4 саяыг давжээ.

Дэлхийд халдварын тоогоор 1-т бичигдэж байгаа АНУ-д Ковид-19 цар тахлын улмаар нас барсан хүний тоо 100 мянгад хүрчээ. энэ тоо нь Вьетнамын дайны үеэр амиа алдсан АНУ-ын цэргүүдээс 2 дахин их тоо юм.  Өнгөрөгч 2-р сарын 6-нд Ковид-19 цар тахлаар нас барсан анхны тохиолдол тус улсад бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 өдөрт дунджаар 900 хүн халдварын улмаас нас барсан хэмээн эмч мэргэжилтнүүд тооцоолол гаргасан байна.

Тэгвэл халдварын тархалт эрчимжиж байгаа Латин Америкийн улсууд албан ёсоор  дараагийн голомт болсныг ДЭМБ-аас мэдэгдсэн юм. Бразил улсын хувьд өчигдөр 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 411 мянгад хүрээд байна. Тус улсын уугуул иргэдэд Ковид-19 халдварын тохиолдол илэрснээс үүдэн эмнэлгийн нэг тасгийг бүхэлд нь эдгээр хүмүүсийг хэвтэн эмчлүүлэхэд ашиглахаар  төлөвлөөд байгаагаа тус улсын Сан Паулу хотын захирагч мэдэгджээ. 

Өдөрт халдварын тохиолдол хэдэн мянгаар нэмэгдэж байгаа тус улсад хэзээ энэ цар тахал намжихыг тооцоолох боломжгүй байна хэмээн эрх баригчдын зүгээс мэдэгджээ. Түүнчлэн тус улсын эрүүл мэндийн яамны зүгээс нийгмийн биет харилцааг 3 метр хүртэл хязгаарлах шаардлагатай талаар ард иргэддээ анхааруулсан байна.