АНУ-ын Миннеаполис хотын цагдаагийн алба хаагчид жагсагчид руу нулимс асгаруулагч хий цацжээ

   Өнгөрөгч мягмар гарагт АНУ-ын Миннесота мужын Миннеаполис хотод эхэлсэн олныг хамарсан жагсаал цагдаагийн албан хаагчдын эсэргүүцэлтэй тулгарчээ. Тодруулбал өнгөрөгч даваа гарагт тус хотын 4 цагдаа нэгэн Африк-Америк гаралтай залууг хэрэгтэн хэмээн андууран баривчилсан байна. Тухайн үед хохирогч залуу биедээ ямар нэгэн зэвсэггүй байсан ч цагдаа нар түүнийг засмал зам дээр хэвтүүлэн, хүзүүн дээр нь хэдэн минутын турш өвдөглөж байх үеийн  бичлэгийг хажуугаар нь өнгөрч явсан хүн хийж олон нийтэд ил болгосон юм.

Тэрбээр өнгөрөгч даваа гарагт амьсгал нь боогдсоны улмаас амиа алдсаныг цагдаагийн хэлтсийн зүгээс мэдэгдсэн байна. Түүнчлэн хүзүүн дээр нь 5 минут гаруй хугацааны турш өвдөглөсөн цагдаа болон бусад 3 албан хаагчийг ажлаас нь халсан талаар тус хотын захирагч жейкоб фрей твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Миннеполис хотын цагдаагийн газрын зүгээс энэ хэргийг сайтар шалгана хэмээн мэдэгдсэн ч гэм зэмгүй өнгөт арьст иргэн дахин амиа алдсанд тус хотын оршин суугчдын зүгээс дургүйцэн жагсаал зохион байгуулсан байна.Өнгөрөгч мягмар гарагаас эхлэлтэй энэхүү тайван жагсаалд хэдэн мянган иргэн оролцож байгаа юм.

Харин өчигдөр орой Миннеаполис хотын цагдаагийн албанаас олныг хамарсан жагсаалыг тараах зорилготойгоор нулимс асгаруулагч хий жагсагчид руу цацжээ.

Энэ үйлдэл нь гэм зэмгүй иргэдэд хандсан хэтэрхий харгис үйлдэл төдийгүй жагсагчдыг тараах оролдлого нь харин ч эсрэгээрээ илүү том жагсаалын эхлэл болох магадлалтайг ажиглагчдын зүгээс мэдэгдсэн байна.