Хүүхдийн баяраар их хэмжээний чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн агуулсан бэлэгнээс татгалзахыг уриаллаа

   Хүүхдийн баяраар томчууд, эцэг эхчүүд хүүхдэд зориулж бэлэг бэлтгэхдээ хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хөгжлийг дэмжих бэлэг сонгохыг зөвлөж байна. Тодруулбал чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн ихээр агуулсан, хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн агуулсан ууттай бэлэгнээс татгалзахыг уриалж байгаа юм.

Зургаан сарын нэгэн, хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу хүүхдийн баяраар хүүхдүүд баярын бэлгээ тэсэн ядан хүлээдэг. Гэвч томчууд, эцэг эхчүүд хүүхдэдээ бэлэг сонгохдоо тэдний эрүүл мэндэд харшлах бэлэг сонгох нь олонтаа. Хүүхдийн баярын бэлгийг чихэр жимс ихээр агуулсан ууттай бэлгээр ч төсөөлдөг. Тэгвэл энэ хандлага өөрчлөгдөж эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлог, хөгжилд тохирсон бэлэг сонгох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн мэргэжлийн байгууллагаас ч хүүхдэд бэлэг сонгохдоо чихэртэй ууттай бэлэгнээс татгалзахыг уриалж байна.

Зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн баярын бэлгийг зөвхөн эд материалаар төсөөлөх бус хүүхэдтэйгээ ярилцаж тоглож, тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх нь хүүхдийн баярын хамгийн том бэлэг болно гэдгийг онцолж байна.Худалдаанд зарагдаж байгаа хүүхдийн бэлгэнд хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн багтах тохиолдол их байдаг. Тэгвэл хийжүүлсэн ундаа, чипс, байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс зэрэг бүтээгдэхүүнүүд нь хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний жагсаалтад ордог байна. Тиймээс хүүхдэдээ бэлэг бэлтгэхдээ өөрсдөө сонгож бэлтгэх, хүүхдийн хөгжлийг дэмжих тоглоомыг бэлгэнд сонгох, хүүхдэдээ чанартай цаг гаргаж бэлэг барихыг мэргэжлийн байгууллагуудаас эцэг эхчүүдэд уриалж байна.