Хөл хорио урт хугацаанд үргэлжилбэл 50 мянган өрхийн хүүхдүүд эрсдэлт нөхцөл рүү шилжинэ

   Өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд тоглож байсан өсвөр насны дөрвөн хүүхэд живж, эндсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ мэтчилэнгээр өнөөдрийн бидний амьдарч байгаа улаанбаатар хотод хүүхэд аюулгүй орчинд амьдрах бүрэн нөхцөл бололцоо байхгүй байгаа юм.

Цар тахал дэгдсэн энэ цаг үед эрх нь хангагдаж чадахгүй, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн талаарх судалгааг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргажээ. Тодруулбал улсын хэмжээнд "Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ"-г холбогдох байгууллагаас хийсэн байна. 

Үнэлгээтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

-Эрсдлийн үнэлгээнд улсын хэмжээнд 109.991 өрхийг хамруулснаас 19 хувь буюу 20 мянган өрх эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл Улсын хэмжээнд 20 мянган өрхийн хүүхдүүд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа юм.

-Тодруулбал:Өндөр эрсдэлтэй 20 мянган өрхийн 51.1 хувь буюу 10.221 өрхийн 24.246 хүүхдэд дэмжлэг тусламж шаардлагатай, хоол хүнсний хомсдолтой, тухайн өрхөд байнгын ажлын байртай гишүүн байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн мөнгөөр амьжиргаа залгуулж амьдарч байгааг судалгаагаар тогтоожээ.

-Тэгвэл нийт үнэлгээнд хамрагдсан өрхийн 47.6 хувь буюу 50 мянган өрх цаашид хөл хорио үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай, хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь бие даалган үлдээдэг, өрхийн зөвхөн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй өрх байна.

-2020 оны 4-р сарын 23-ны байдлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сан"-ийн эрсдэлийн программд 22.853 хүүхэд бүртгэгдсэн байна. "Ковид-19" халдварын цар тахал цаашид нэмэгдэх, хорио цээрийн дэглэм үргэлжлэх тохиолдолд эдгээр хүүхдэд чиглэсэн хүнс тэжээл, хувцас, амин дэм, ариутгалын бодис зэрэг суурь хэрэгцээг хангах шаардлагатай гэж үзжээ.

  Улаанбаатар хотод эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэдтэй өрхүүдийн 60 хувь нь архины хамааралтай гишүүнтэй, хүүхдээ үл хайхарсан, гэрийн ахуй нөхцөл байдал хүнд өрхүүд байна. Мөн дээрх өрхүүдийн хүүхдүүдийн 80 орчим хувь нь цахимаар хичээлээ хийж чадахгүй нөхцөлд байгаа бөгөөд  Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин орон байр, газрын асуудлаа шийдэж чадаагүй өрх 50 орчим хувийг эзэлж байна.

Тиймээс цар тахлын үед эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэдтэй өрхүүдэд дараах тусламжийг үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал:

-Хүнсний талонд хамруулах, эцэг эх асран хамгаалагчийг ажлын байранд зуучлах

-Хүүхдүүдийг теле хичээлээ нөхөж үзэх боломжоор хангах

-Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай эцэг эх, хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх

-Архины хамааралтай өрхийн гишүүдэд зан үйлийг засах эмчилгээнд хамруулах

-Хөгжлийн бэрхшээлтэй болон хоол тэжээлийн дутагдалтай хүүхдийг  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хэвтүүлэн эмчлүүлэх арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна.