Дэлхий дахинд Ковид-19 халдвар авсан хүний тоо 5.9 сая давлаа

Өчигдөр буюу энэ сарын 28-ны өдрийн байдлаар дэлхий дахинд Ковид-19 халдварын 116 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлын  халдвар авсан хүний тоо 5.9 сая, нас барсан хүний тоо 362 мянгад хүрээд байна. Цар тахлын дараагийн голомт болон хувирсан Латин Америкийн Бразил улсад улсад өчигдөр 26 мянга буюу  хамгийн олон халдварын тохиолдол  бүртгэгдсэнийг бразил улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.

Тус улсын халдварын голомт болсон сан Паулу хотын эрчимт эмчилгээний тасгийн дүүргэлт 92 хувьтай байгаа ч ирэх долоо хоногоос эхлэн тархалт багатай хэсгүүдийн хөл хориог цуцлахаар төлөвлөөд байгаагаа тус хотын захирагч мэдэгджээ.

Тэгвэл халдварын тоогоор 3-т бичигдэж байгаа ОХУ-д Ковид-19 цар тахлын улмаас  өчигдөр хамгийн олон хүн буюу 174 нас баржээ. Түүнчлэн 8 мянга гаруй шинэ тохиолдол тус улсад бүртгэгдсэний 2 мянга нь Москва хотод,  үлдсэн нь бусад хотуудад илэрсэн бөгөөд шинээр халдвар авсан хүмүүсийн 3560 нь шинж тэмдэггүй илэрлээ хэмээн мэргэжилтнүүдийн зүгээс мэдээлжээ.Харин Ковид-19 цар тахлыг хяналтдаа аваад байсан БНСУ-д цахим худалдааны компанийн Сөүл дэхь агуулахын 3600 гаруй ажилчдын дунд халдвар тархаад байгаа юм.

Өчигдрийн байдлаар тус улсад халдварын 82 шинэ тохиолдол бүртгэгдсэний 63 нь агуулахын ажилчид байсан бол үлдсэн 19 нь тэднээс халдвар авсан хавьтагчид байсан байна. Эрх баригчдын зүгээс БНСУ-д үүссэн энэ шинэ тархалтыг тус улсын 2 дахь  давлагаа байж болзошгүй тул Сөүл хотод байрлах олон нийтийн барилга, байгууламжийг хаахаар болсноо мэдэгджээ.