Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэгт байгуулсан усан толионд 11-15 насны 4 хүүхэд живжээ

"Хүүхдийн эрхийг хамгаалах ОУ-ын өдөр" тун удахгүй тохиох гэж байгаа энэ үед хүүхдүүд аюулгүй байдлаа хангуулж чадаагүйн улмаас амь эрсэдсэн харамсалтай явдал тохиолоо. Тодруулбал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэгт байгуулсан усан толионд 11-15 насны 4 хүүхэд живжээ. Одоогоор БЗД-ийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин тус хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  "Хан талст"  компанийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримтлаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  тус байгууллагын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ он гарсаар бага насны хүүхэд цаг бусаар амиа алдаж, хорвоог орхисон харамсалтай явдал дахин тохиолоо. БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ҮЦХ-ийн баруун урд хэсэгт байрлах "Хан талст" ХХК-ийн "Наран шарлагын газар"-ын бүтээн байгуулалтын ажлыг 3.3 га газарт 2014 оноос хойш хийж байгаа. Энэ ажлын хүрээнд тус газрын баруун урд хэсэгт хан талст компани усан толио байгуулсан. Харамсалтай нь энэ усан толионд хүүхдүүд живсэн байна.

"Хан талст" компани нь барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй байсан бөгөөд НМХГ-ын шалгалтаар үйл ажиллагааг нь зогсоосон. Гэсэн хэдий ч 2020 оны 5-р сарын байдлаар Хан талст компани барилгын ажлаа явуулж эхэлсэн байжээ. Тиймээс 5-р сарын 13-нд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг зогсоохоор улсын байцаагч акт тогтоосон байна. Цаашид тус компанийн газар эзэмших эрхийг цуцлуулахаар НМХГ-аас нийслэлийн засаг даргад хандах юм байна.