Хилийн чанадаас цахим худалдан авалт хийсэн тохиолдолд бараа бүтээгдэхүүндээ ариутгал, халдваргүйтэл хийхийг анхаарууллаа

БНСУ-д интернет худалдааны компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор "Ковид-19" цар тахлаар өвчилсөн тохиолдол 100 гаруйд хүрээд байгаа. Харин манай улсын тухайд сүүлийн үед Солонгос, Хятад улсаас хийх цахим худалдааны бизнес өргөжсөн. Гэхдээ цар тахал дэгдээд байгаа энэ үед хилийн чанадаас захиалсан бараагаа хүлээн авахдаа ариутгал, халдваргүйтэл хийхийг МХЕГ-аас анхаарууллаа.

БНСУ-ын Бучон орчимд интернет худалдааны үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилтнуудаас Ковид-19 цар тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Улмаар тухайн голомтод байсан ажилтнууд болон тухайн компаниар үйлчлүүлсэн зэрэг 4000 гаруй хүнийг өнгөрсөн 7 хоногийн байдлаар тусгаарласан гэх мэдээлэл байсан. Харамсалтай нь тухайн голомтоос Ковид-19-өөр халдварласан тохиолдол өчигдрийн байдлаар 100 гаруйд хүрчээ. Тиймээс цаашид халдвар гарсан голомтот улс орноос интернетээр бараа бүтээгдэхүүн захиалах гэж байгаа тохиолдолд тухайн компанийн баталгаатай эсэхийг хяналт тавж, бараа хүлээн авч байгаа монгол дахь төлөөлөгч компаниуд, мөн иргэд ариутгал халдваргүйтэл хийхийг анхаарууллаа. Учир нь Ковид-19 цар тахлын дэгдэлтийн үеэр хүмүүс олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд онлайнаар худалдан авалт хийх нь үр дүнтэй ч гэлээ нөгөө талаас халдвар гарсан голомтот бүс нутгаас бараа бүтээгдэхүүнээр дамжуулан цар тахал зөөвөрлөгдөн орж ирэхгүй гэх баталгаа одоогоор байхгүй юм байна.