Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  "Олон улсын хүүхдийн найрамдал зуслан 2" байгуулах тухай болон энэтхэг улсад суралцаж байгаа 219 хүүхдийг тусгай үүргийн онгоцоор авчрах тогтоолыг тус тус баталлаа.

1978 онд байгуулагдан 40 жилийн нүүр үзэж байгаа найрамдал зусланг ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт байгуулах тухай шийдвэрийг засгийн газрын хуралдаанаар гаргалаа. "Найрамдал 2" зуслан нь 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Харин хөрөнгийн эх үүсвэрийг ирэх оны улсын төсөвт тусгахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Хуралдаанаар ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх тухай тогтоол батлагдлаа. Тодруулбал Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх 17-р байрны 24 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх 11-р байрны 112 айлын орон сууц, зэрэг нийт 549 өрхийн 22 жил түрээсээр амьдарч байсан  орон сууцыг эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй хувьчлахаар болжээ. Мөн энэтхэг улсад суралцаж байгаа 357 ламхай нараас 219 хүүхэд эх нутагтаа ирэх хүсэлт гаргасан байна. Эдгээр ламхай нарын тусгаарлалтад байх 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар болжээ.

Мөн  Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үндсэн болон туслах багшид цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох шийдвэр гаргалаа.