Дэлхий дахинд

Дэлхий дахинд өчигдөр Ковид-19 халдварын 108 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 6.3 сая, нас барсан хүний тоо 377 мянгад хүрээд байна.

АНУ-д хүний эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж байгаатай  холбоотойгоор зарим мужуудад халдварын тоо эрчимтэй нэмэгджээ. Өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд халдварын тохиолдол харьцангуй буурч байсан АНУ-ын Вашингтон хотод 57 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Ковид-19 цар тахлын шинэ тохиолдол бүртгэгдээгүй АНУ-ын зарим мужууд  энэ долоо хоногоос эхлэн хөл хориогоо цуцлахаар шийджээ.

Тэгвэл өчигдөр Латин Америкийн цар тахлын голомт болсон Бразил улсад халдварын 16 мянга гаруй шинэ тохиолдол  бүртгэгдсэн ч тус улсын Рио-Де-Жанейро хот энэ долоо хоногоос эхлэн нэн хэрэгцээт үйлчилгээний газруудыг нээхээр болсныг тус хотын захирагч мэдэгджээ.

Тэрбээр Бразил улсад Ковид-19 халдвар авсан нийт хүний тоо аль хэдийн хагас саяд хүрсэн ч уналтад орсон эдийн засгаа аврахын тулд хөл хориог хэсэгчилж цуцлахаас өөр аргагүй боллоо хэмээн мэдэгдсэн байна. Тэгвэл энэ мягмар гарагаас эхлэн Европ тивийн Франц улс зоогийн газар, далайн эрэг, кафе зэрэг нээгдэж 10 хүртэлх хүн нэг дор цуглах боломжтой болжээ.

Түүнчлэн нэг хэсэг цар тахлын голомт байсан Итали улс 6-р сарын 3-аас эхлэн  аяллын хоригоо цуцлан муж хооронд аялахыг эрх баригчдын зүгээс ард иргэдэд зөвшөөрч байгаа юм.