Иргэд хуучин хувцас, гутлаа зорилтот бүлгийн иргэдэд хандивлах цэг байгуулагджээ

       Иргэд хуучин гутал, хувцсаа ихэвчлэн шатаах эсвэл хогийн цэг дээр хаядаг. Гэтэл энэ нь нийслэлийн жилийн нийт хог хаягдлын 15-20 хувийг бүрдүүлдэг байна. Тиймээс хог болж хаягдахаас нь өмнө хувцас хэрэгцээтэй байгаа хүмүүст хүргэх зорилгоор хуучин хувцас, гутал төвлөрүүлдэг хоёр цэгийг байгуулжээ. Энэ цэгт долоо хоногийн дотор 4 ам бүлийн, 20 орчим хүнд хүрэлцээтэй гутал, хувцас цугларсан учраас зорилтот бүлгийн иргэдэд түгээгээд байгаа юм байна.

Та бидний хувьд хэрэгцээгүй гэж үзсэн ч бусдын хэрэгцээг хангах хувцас, гутал байгаа тохиолдолд хог болгож хаяхын оронд зорилтот бүлгийн иргэдэд хандивлах боломжийг ХУД-т бий болгожээ. Одоогоор эхний ээлжинд туршилт хэлбэрээр хоёр цэг байгуулсан байна.

Хэдийгээр хуучин хувцас, гутал хүлээн авч зорилтот бүлгийн иргэдэд түгээх ч гэлээ эд зүйлсээ хандивлаж хүмүүс наад зах нь бохирдолгүй байх хэрэгтэй юм.

Одоогоор ашиглалтад оруулсан цэгүүдийн тухайд ривер гарден хороолол болон зайсан орчимд байрлаж байна. Цаашид хуучин хувцас, гутал хүлээн авах 4-5 цэгийг байгуулахаар төлөвлөжээ.