БНСУ-д сүмийн цугларалтад оролцсон хүмүүсээс

   Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд Ковид-19 цар тахлын халдвар авсан хүний тоо 6.4 сая, нас барсан хүний тоо 382 мянгад хүрээд байна.

Өнгөрөгч 5-р сарын 22-нд халдвараас эдгэсэн хүний тоо 2 саяд хүрсэн бол 12 хоногийн дараа 3 саяд хүрлээ.

Өнгөрсөн 7 хоногт бнсу-ын цахим худалдааны бучон дахь агуулахын ажилчдын дунд Ковид-19-ийн халдвар тархаад байсан юм. Тэгвэл тус улсад халдварын өөр нэгэн шинэ голомт үүссэн байх магадлалтай талаар эрх баригчид мэдэгджээ. Тодруулбал өчигдөр тус улсад 38 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэний 36 нь Инчеон хотод байрлах сүмийн цугларалтад оролцсон хүмүүсээс илэрсэн байна. Ковид-19 цар тахлын халдвар авсан хүмүүс сүмд очих үедээ амны хаалтаа авч  мөргөл үйлдсэн бөгөөд бага зайтай талбайд олон хүн цугларсан байсан хэмээн эмч мэргэжилтнүүд мэдэгджээ. Тэгвэл Ковид-19 цар тахлын улмаас тогтоогоод байсан хөл хориогоо өнгөрсөн долоо хоногт цуцалсан Япон улсад халдварын шинэ тохиолдлууд дахин бүртгэгдсэн байна. Тус улсын халдварын голомт болсон Китакюүшү хотод өчигдөр 16 шинэ тохиолдол илэрсний зэрэгцээ өнгөрсөн 24 цагийн байдлаар нийслэл Токио хотод 30 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.

Харин Токио хотын эрх баригчдын зүгээс ковид-19 халдварын тоо өмнөх өдрүүдээс харьцангуй нэмэгдсэн ч, хөл хориог дахин тогтоох шаардлагагүй хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн өнгөрөгч 3-р сараас эхлэн ковид-19 цар тахлын улмаас бүрэн хаасан байсан Японы хааны цэцэрлэгийг өнгөрөгч мягмар гарагаас эхлэн нээжээ.  Тус цэцэрлэгээр зугаалахдаа амны хаалт зүүн , зай барьж явахыг эрх баригчдын зүгээс ард иргэддээ уриаллаа.