Хонконгт Тяньаньмэний талбайн жагсаалын үеэр амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилготой тайван жагсаал боллоо

   БНХАУ-ын Бээжин хотноо тэртээ 1989 оны 4-р сарын 15-аас эхэлсэн ардчилалын төлөөх оюутны бослого тухайн жилийн 6-р сарын 4-нд оргилдоо хүрч байсан юм. Тухайн үед Тяньаньмэний талбайд болсон ардчиллын төлөөх эсэргүүцлийн жагсаалаас болж  хэдэн мянган хүн амиа алдсан гэх батлагдаагүй мэдээлэл байдаг юм . Жил бүрийн 6-р сарын 4-ний өдөр БНХАУ-ын тусгай захиргааны бүсүүд болох Макао, Хонконгт 1989 оны  жагсаалын үеэр амиа  алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх тайван жагсаалыг зохион байгуулдаг байсан бол эх газрын Хятадад тус талбайд болсон бослогын дараа 6-р сарын 4-нд ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг байна.

  Энэ жилийн хувьд Хонконгийн цагдаагийн албаны зүгээс хүндэтгэл үзүүлэх тайван жагсаалыг Ковид-19 цар тахалтай холбон ард иргэдийн аюулгүй байдлын төлөө зохион байгуулахгүй байхыг жагсагчдад анхааруулаад байжээ.Тэгвэл өчигдөр орон нутгийн цагаар оройны 8 цагт Хонконгийн ардчиллын  эвслээс  оршин суугчдыг байрлаж байгаа газраа лаа асаан, 1 минут дуугаа хураан амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэхийг уриалжээ.

Түүнчлэн өчигдөр хэдэн мянган иргэн Хонконгийн Викториа паркд амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх тайван жагсаал зохион байгуулсны зэрэгцээ уриа лоозон барин Хонконгийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийг эсэргүүцэн жагссан байна.  Сүүлийн 31 жил тасралтгүй зохион байгуулагдаж байгаа энэ хүндэтгэл үзүүлэх тайван жагсаалд өнгөрсөн жил 180 мянга гаруй  хүн оролцсон гэх тооцоо судалгаа байдаг байна.