Өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

   Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж "Бурхан багшийн их дүйчин өдөр" бүх нийтээр амрахаар хуульчилсан. Энэ өдрийг ёс суртахуунтай байх, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрахад чиглэх учиртай гэдгийг хууль санаачлагчид онцолсон байдаг. Тэгвэл өнөөдөр буюу 6-р сарын 5-ны өдөр зуны тэргүүн сарын 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Энэхүү өдөр нь нийгмийн ёс зүйг дээшлүүлэхэд чиглэсэн өдөр юм. Тодруулбал шашин шүтлэг, итгэл үнэмшлээс үл хамааран энэ өдрийг ёс суртахуунтай байх, байгаль дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах өдөр гэдгийг  уих-ын гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт тус өдрийг оруулахдаа онцолж байсан юм. Энэ өдөр Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд буян ном хурах юм байна. Иргэд, олон нийт нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдийг баярлаж цэнгэж, архи согтууруулах ундаа хэрэглэж учир утгыг алдагдуулан хавтгайруулан тэмдэглэдэг.  Бурхан багшийн их дүйчин өдрийг утга учир нь ёс суртахуунаа эрхэмлэх, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгөх гэдгийг хууль санаачлагчид онцолсон. Тодруулбал Бурхан багшийн их дүйчин өдөр сайныг дэлгэрүүлж, саарыг тэвчин, асрал энэрлийг бодон нэг нэгнээ хүндэтгэх, байгаль дэлхийгээ хайрлах, буян хурааж, нүглийг тэвчиж сайн сайхан үйлсийг дэлгэрүүлсэн өдөр болгон тэмдэглэхийг уриалсан байдаг.