Өчигдөр дэлхий дахинд Ковид-19 халдварын 128 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 7 сая, нас барсан хүний тоо 406 мянгад хүрсэн бол шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 80 мянга орчим нь Америк тивд, 13 мянга нь ази тивд үлдсэн хэсэг нь бусад тивд бүртгэгджээ.
АНУ-д халдварын шинэ тохиолдол өмнөх үеэс харьцангуй буурч байгаа ч тус орон даяар зохион байгуулагдаж байгаа хүний эрхийн төлөөх жагсаалын улмаар зарим мужуудад халдварын шинэ тохиолдол нэмэгдсээр байна.Тодруулбал өчигдрийн байдлаар Калифорни, Флорида мужуудад халдварын 4 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ийнхүү АНУ-д Ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 2 саяд, нас барсан хүний тоо 112 мянгад хүрлээ.
Харин Латин америк, ойрх дорнодод бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 2 саяд хүрсэн ч энэ тоо харьцангуй их байх магадлалтайг судлаачид мэдэгдсэн нь олон улсын эрх баригчдын санааг зовоосон асуудал болоод байна
Тэгвэл Бразил улсын ерөнхийлөгч Жайр Болсонаругийн засгийн газрын зүгээс өнгөрөгч баасан гарагаас эхлэн тус улсын Ковид-19 халдварын тохиолдлын бүх мэдээллийг устгахаар шийдсэнээ мэдэгдсэн байна. Тус улсын засгийн газрын зүгээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санд цар тахал эхэлснээс хойш хадгалагдсан өгөгдлийг хасаж, зөвхөн өдөр бүрийн шинэ тохиолдол болон нас баралтын тоог л мэдэгдэхээр болсон байна.
Үүний зэрэгцээ Ирак, Уганда, Хайти зэрэг улсад өдөрт илэрдэг халдварын тоо сүүлийн долоо хоногт 2 дахин нэмэгдсэн нь цар тахлын 2 дахь давлагаа аль хэдийн эхэлсний шинж тэмдэг гэж ажиглагчид үзэж байна.