ОХУ-ын Эрхүү мужийн газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраана

Өнгөрөгч ням гараг буюу 5-р сарын 30-нд ОХУ-ын эрхүү мужийн "Яракт"-ын газрын тосны цооногт гал гарчээ.Тодруулбал эрхүү мужийн газрын тосны компанийн ажилтнууд хий хоолойн даралтыг бууруулсны улмаар газрын тос, хийтэй нийлэн цооног хэсэгт дэлбэрэлт үүссэнээс үүдэн гарсан гал  8 хоногийн турш үргэлжилж байна.

Тус газрын тосны үйлдвэр эрхүү мужийн хотын төвөөс хэдэн зуун километрийн зайд байрладаг тул амиа алдсан болон гэмтсэн хүн одоогоор байхгүй байгааг эх сурвалж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ өнгөрөгч баасан гарагт эрхүү мужийн эрх баригчид шуурхай хурал зохион байгуулж, цооногийн галыг унтраах арга замуудыг хэлэлцсэн байна. Тус шуурхай хурлын дараа ОХУ-ын батлан хамгаалах яамнаас тусламж хүсэх шийдвэрт хүрсэн байна

Уг хүсэлтийн дагуу ОХУ-ын зэвсэгт хүчний зүгээс МТ-12 Рапира танкийг, их буутай цэргүүдийн хамт "Яракт"-ын газрын тосны цооног руу явуулж гал  асаж байгаа амыг их буугаар буудаж  хаах  шийдвэр гаргаад байна. Тус ажиллагаа амжилттай болбол өнөөдөр буюу энэ даваа гарагт цооногийн галыг бүрэн унтрааж чадна гэж үзэж байгаа юм .

Газрын тосны цооногт гарсан галыг хүчтэй тэсэлгээ хийж, хүчилтөрөгчийн урсгалыг нь тасалдуулж унтраадаг бөгөөд хамгийн анх 1966 онд Узбекистаны Уртабулак дахь газрын тосны цооногт гарсан галыг бөмбөг тэслэх аргаар унтрааж байжээ.