УИД-т гарсан галын нөхцөл, шалтгааныг тогтооход 14-өөс доошгүй хоногийн хугацаа зарцуулна

   Улсын их дэлгүүрийн өргөтгөл буюу зургаадугаар давхарт гал гарч, тухайн давхар бүхэлдээ, харин дөрөв, тавдугаар давхар галд өртсөн. Одоогоор гал гарсан шалтгаан тогтоогдоогүй байгаа бөгөөд 14-өөс доошгүй хоногийн дараа эцэслэгдэнэ. Өчигдөр Улсын их дэлгүүрээс харилцагч, түрээслэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг тоолох, хүлээлцэх, лацдах үйл ажиллагааг явуулсан байна. Манай Улсын ууган их дэлгүүр гэгдэх Улсын их дэлгүүрт 6-р сарын 7-ны 16:40 цагийн орчимд зургаадугаар давхар буюу барилгын баруун талаас эхлэн гал гарч эхэлсэн. Улмаар нийслэлийн  аврах ангиуд болон 100 гаруй алба хаагч хүч нэмэгдүүлэн ажиллаж, галын тархалтыг 17:30 цагт зогсоож, 21:30 цагт галыг бүрэн унтраажээ. 

Улсын их дэлгүүрийн тухайд 4470 орчим түрээслэгч, харилцагчтай. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр давхраасаа эхлэн түрээслэгч, харилцагчдын бараа бүтээгдэхүүнийг шалгах, хүлээлцэх, лацдах үйл ажиллагааг зохион байгуулж байна. 6-р сарын 7-нд НОБГ-аас өгсөн мэдээллээр барилгын засварын холбогдуулан гал алдсан байж болзошгүй гэж тайлбарлаж байсан. Гэхдээ галын шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байгаа бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийгдэж байна. Улмаар галын шалтгаан 14-өөс доошгүй хоногийн дараа тодорхой болох юм байна.