Өчигдөр дэлхий дахинд

      Өчигдөр дэлхий дахинд Ковид-19 халдварын 113 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 7.1 сая, нас барсан хүний тоо 408 мянгад хүрээд байна.   

Өнгөрөгч 4-р сарын турш дэлхий дахинд нэг өдөрт Ковид-19 халдварын шинэ тохиолдол 100 мянгад хүрдэггүй байсан бол өнгөрөгч 5-р сарын 21-ээс хойш 100 мянгаар нэмэгдэж  10 хоногийн дотор 1 сая хүн Ковид-19-ийн халдвар авсан байна. Нэг талаас энэ нь оношилгооны тоо хэмжээ, цар хүрээ нэмэгдсэнтэй холбоотой ч нөгөө талаас дэлхийн олон оронд шинжилгээ хангалттай хийгдэхгүй байгаа тул бодит тоо үүнээс өндөр байх магадлалтайг эмч мэргэжилтнүүд анхааруулжээ. Латин Америкийн голомт болсон Бразил улсад өчигдөр 19 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж Ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 710 мянгад хүрчээ. Тус улсын хамгийн их оршин суугчтай Сан Пауло хотод халдварын шинэ тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа ч шинжилгээ хангалттай хийгдэхгүй байгаа тул Ковид-19 халдварын тохиолдол өндөр байх магадлалтайг Бразил улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна.

Түүнчлэн тус улсын судлаачдын үзэж байгаагаар ирэх 6-р сарын 20 гэхэд бразил улсад халдвар авсан хүний тоо 1 сая, нас барсан хүний тоо 50 мянгад хүрнэ хэмээн анхааруулжээ. Харин манай хойд хөрш ОХУ-д нэг өдрийн дотор 8985 хүн Ковид-19-ийн халдвар авч нийт тохиолдлын тоо 476 мянгад хүрээд байна. Өчигдрийн байдлаар тус улсад Ковид-19 халдвар авсан хүмүүсийн 3293 нь шинж тэмдэггүй илэрч шинээр бүртгэгдсэн тохиолдлын 2 мянга нь Москва хотод , 326 нь Санкт-Петербург хотод бүртгэгджээ.

 Хэдийгээр Москва хотод халдварын шинэ тохиолдол бусад мужуудаас харьцангуй олон бүртгэгдсэн ч, тус хотын захирагч өнгөрсөн долоо хоногоос эхлэн хөл хориог цуцлах шийдвэр гаргаад байгаа юм. Үүний зэрэгцээ Шинэ Зеландын Үндэсний Эрүүл мэндийн яамнаас Ковид-19-ийн халдвар авсан сүүлийн өвчтөн эдгэсэн талаар өчигдөр мэдэгджээ. Тус улсад сүүлийн 14 хоногт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Шинэ Зеланд улсын эрх баригчид хөл хориогоо хэсэгчлэн цуцалж, нийтийн тээврийн үйл ажиллагааг сэргээгээд байна.