Хүнсний дэлгүүр 22 цаг хүртэл ажиллаж байгаа нь иргэд, ААН-үүдэд хүндрэл учруулж байна

   Өнгөрөгч 3-р сарын 30-ны өдрийн Нийслэлийн засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг үйлчилгээний газрын цагийн хуваарийг 07-22 цаг хүртэл хугацаагаар тогтоосон. Улмаар хүнсний найман нэрийн дэлгүүрүүд 4 сарын нэгнээс эхлэн 22 цаг хүртэл ажиллах болсон. Тэгвэл хүнсний дэлгүүрүүд 22 цаг хүртэл ажиллаж байгаа нь иргэдэд багагүй чирэгдэл учруулж байгааг иргэд хэлж байна.

Нийслэлийн засаг дарга "Ковид-19 халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай" А/436 тоот захирамжийг гаргасан. Улмаар захирамжийн дагуу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 5200 гаруй хүнсний дэлгүүр 6 болон 8 нэрийн дэлгүүрийн цагийн хуваарийг өглөөний 07-22 цаг хүртэл ажиллуулахаар болсон байдаг. Тэгвэл хүнсний дэлгүүрүүд 22 цаг хүртэл ажиллаж эхэлснээс хойш иргэд худалдан авагчдаас цагийн хуваарьтай холбоотой санал, гомдол тасралтгүй ирэх болжээ.

Ялангуяа барилгын ажилчид  болон ажлын цаг нь орой тардаг хүмүүсийн хувьд хүнсний дэлгүүр орох  боломжтой цаг нь ихэвчлэн оройн 22 цагаас хойш байдаг  байна. Мөн алслагдсан дүүрэг хорооны иргэдийн хувьд орой ажлын цаг дуусаад гэрлүүгээ очих хүртэл 2-3 цагийг зарцуулдаг. Улмаар ихэвчлэн 22 цагаас хойш хүнсний дэлгүүр орох боломжтой байдаг тухайгаа ярьж байгаа юм. Тиймээс иргэдийн хувьд хүнс барааны дэлгүүрийг хуучин цагийн хуваарьт шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Мөн хүнсний дэлгүүрүүд орой 22 цаг хүртэл ажиллаж байгаагаас гэр хороолол, захын дүүрэгт архи согтууруулах ундааг хууль бусаар гар дээрээс худалдаалах, шаглах зэрэг үйлдэл газар авсныг хүнсний дэлгүүрийн худалдагчдын зүгээс онцолж байна. Тэгвэл хүнсний дэлгүүрийн цагийн хуваарьтай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас давхардсан тоогоор хүнсний дэлгүүрүүдэд 17.655 удаагийн шалгалт явуулж цагийн хязгаар зөрчсөн аж ахуйн нэгжид зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. Уг нь хүнсий дэлгүүрүүдийг хуучин цагийн хуваарьт шилжүүлэхээр засаг даргын захирамж өнгөрөгч 5-р сарын 4-нд гарсан байдаг ч бар, шөнийн цэнгээний газрууд эрүүл ахуйн дэглэм зөрчиж ажилласнаас болж хүнсний дэлгүүрүүд 07-22 цаг хүртэл ажиллахаар болсон байдаг.