АНУ-д

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд Ковид-19 халдвар авсан хүний тоо 7.3 сая, нас барсан хүний тоо 413 мянгад хүрээд байна. Дэлхийд халдварын тоогоор нэгт бичигдэж байгаа АНУ-д халдвар авсан хүний тоо 2 сая, нас барсан хүний тоо 114 мянгад хүрлээ.

Өнгөрсөн 2 долоо хоногийн турш АНУ-д зохион байгуулагдаж байгаа хүний эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаалын улмаар Нью-Йорк, Калифорни мужид Ковид-19 халдварын шинэ тохиолдол харьцангуй олон бүртгэгдсэн ч хөл хориог сулруулах эхний шатандаа ороод байна.

Хэдийгээр халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн ч, өнгөрөгч даваа гарагаас эхлэн Нью-Йорк хот хөл хориогоо цуцлах эхний шатыг хэрэгжүүлээд байгаа юм.  Түүнчлэн ДЭМБ-ын зүгээс АНУ, Европт жагсаалд оролцож байгаа хүмүүст эсэргүүцлээ илэрхийлэхийн зэрэгцээ амны хаалт зүүхийг уриалжээ.

Тэгвэл ОХУ-д өчигдөр 8595 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж халдварын нийт тохиолдол 485 мянгад хүрсэн байна. Тус улсын ерөнхий сайд Михаил Мишустин ОХУ-ын хилээр эмчилгээ хийлгэх шаардлагатай гадаадын иргэдийг оруулахаар шийдэн бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа талаар мэдэгджээ. Түүнчлэн 6-р сарын 9-өөс эхлэн Москва хотод үсчин гоо сайхны газруудыг үе шаттайгаар нээхээр болсон байна. 

Харин ази тивийн халдварын голомт болсон энэтхэг улсад халдварын 10 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж Ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 276 мянгад хүрчээ. Тус улсын 20 сая оршин суугчидтай Мумбай хотод Ковид-19 цар тахлын батлагдсан тоо 88 мянгад хүрсэн ч хотын зарим хэсэгт хөл хориог сулруулж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоогоод байгаа юм.