6-р сарын 24-ний  07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд санал авна

УИХ-ын 2020 оны сонгуулийн саналын хуудасны загварыг сонгуулийн ерөнхий хороо боловсруулж батлаад байна. Сонгуулийн ерөнхий хороо өнгөрөгч 12-р сард сонгуулийн саналын хуудас хэвлэх үйлдвэрүүдэд сертификат олгосон байна. Энэ жилийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн тоо олон мөн хугацаа давчуу учир саналын хуудсыг хоёр үйлдвэрт хэвлэхээр болсон юм. Өнгөрөгч ням гарагаас  саналын хуудас хэвлэх ажил эхэлжээ.

Улмаар өнгөрөгч ням гарагт сонгуулийн саналын хуудсыг монголын үнэт цаасны хэвлэл ХХК, таван богд менежмент ХХК-нд хэвлүүлэхээр болсон байна. Энэ удаа сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая 132 мянга 239 сонгогч бүртгэгдэж, саналын хуудсыг 5 хувийн нөөцтэй хэвлүүлж эхэлжээ.

Саналын хуудасны эхэнд нам, эвслээс нэр дэвшигчид, бие даан нэр дэвшигч гэсэн дарааллаар нэрсийг жагсаах юм байна. Энэ удаагийн сонгуулиар нийт 29 тойрогт 606 нэр дэвшигч өрсөлдөнө. Нэр дэвшигчдийн тоогоор хамгийн өндөр тойргууд бүгд нийслэлийн тойргууд байна. Хамгийн их 38 нэр дэвшигч сонгуулийн 24-р тойрог буюу СБД-т өрсөлдөнө. Хамгийн цөөн нэр дэвшигч Сүхбаатар аймагт буюу сонгуулийн 12-р тойрогт 10 нэр дэвшигч өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгууль “Ковид-19” цар тахлын  үед тусгай журмын дагуу зохион байгуулагдаж байгаа, мөн олон нэр дэвшигч өрсөлдөж байгаа зэрэг онцлогтой тул сонгогчид юун түрүүнд саналаа өгөх бэлтгэлээ сайтар базааснаар цаг хэмнэх боломжтой.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 62,1 сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. Сонгогч та энэ хугацаанд багтаж сонголтоо хийгээрэй.