Дэлхий даяар 24 цагийн дотор

    Өчигдөр дэлхий дахинд халдварын 127 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж Ковид-19 цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 7.4 сая, нас барсан хүний тоо 418 мянгад хүрээд байна.

Ази тивийн цар тахлын голомт болсон энэтхэг улсад нэг өдрийн дотор халдварын 9900 шинэ тохиолдол бүртгэгдэж,  Ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 287 мянгад хүрчээ. Тус улсын нийслэл Шинэ Дели хотод халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо 31 мянгад хүрээд байна.  Ийнхүү Энэтхэг улс Ковид-19-ийн  халдварын нийт тохиолдлоор Итали улсыг гүйцэж дэлхийд зургаадугаарт бичигдэж эхэлсэн тааруухан үзүүлэлт гарчээ.

Харин Бүгд Найрамдах Хаити улс өнгөрөгч 3-р сараас эхлэн орон даяар онц байдал зарласан бөгөөд тус улсад Ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 3662, нас барсан хүний тоо 56-аад хүрээд байна. Дэлхийн баруун бөмбөрцгийн Хаити улсын эрх баригчидын зүгээс тус улсын нийгмийн асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Эммануэль Кантав Ковид-19-ийн халдвар авсны улмаас нас барсныг мэдэгджээ.  Хэдийгээр ковид-19 халдварын тохиолдол цөөн бүртгэгдсэн ч, Хаити улсад шинжилгээ оношилгооны төхөөрөмж дутмаг байгаа учир халдварын мэдэгдээгүй олон тохиолдол байх магадлалтайг эмч мэргэжилтнүүд анхааруулжээ.

Харин халдварын тархалт тогтворжсон Франц улс хөл хориогоо хэсэгчлэн цуцлаад байгаа. Тэгвэл хөл хорионы улмаар өнгөрөгч 3-р сараас эхлэн хаагдаад байсан Эйфелийн цамхаг энэ сарын сүүлээс буюу 6-р сарын 25-аас эхлэн нээгдэхээр болсон байна. Дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа ийм урт хугацаагаар хаалттай байсан Эйфелийн цамхгаас гадна Франц улсын бусад түүх дурсгалын газруудыг нээхээр төлөвлөөд байгаа юм.