Томоохон төсөл, арга хэмжээнүүд дээр хилийн чанадаас ирж ажиллах гадаад иргэдийн асуудлыг судалж байна

   Хилийн чанадаас ирж ажиллах гадаад ажилчдыг хил нэвтрүүлж чадаагүйн улмаас улсын болон хувийн хэвшлийн зарим томоохон төсөл, арга хэмжээ зогсоод байгаа.

Тодруулбал, Улаанбаатараас Дархан чиглэлийн 204 км авто замын бүтээн байгуулалтын гурван багц замын ажил 40-50 хувьтай байгаа. Улмаар БНХАУ-ын 105 инженер, оператор ирснээр авто замын суурийн хоёр ажлыг гүйцэтгэхээр төлөвлөгдсөн ч удирдах шатны ажилтнууд ирж чадаагүйн улмаас энэ ажил удааширчээ. Тиймээс энэ онд хэрэгжүүлэх байсан томоохон төсөл, арга хэмжээнүүдийг идэвхжүүлэхийн тулд өнгөрөгч тавдугаар сард засгийн газраас тогтоол гаргасан. Үүнд, гадаадаас ирүүлэх ажилчдын квотыг баталж, тодорхой журмын дагуу хил нэвтрүүлэх шаардлага тавиад байгаа юм.  Ингэхдээ "Ковид-19" цар тахлын шинжилгээнд хамрагдсан байх, 21 хоног тусгаарлагдах, дүрэм журмыг баримтлахыг тусгажээ. Тиймээс төсөл арга хэмжээг хэвийн үргэлжлүүлэхийн тулд бнхау-ын талтай дипломат шугамаар холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын төслөөр хязгаарлагдахгүй улсын болон хувийн хэвшлийн томоохон төсөл, арга хэмжээ зогсоод байгаа юм байна. Хэрэв төсөл дээр ажиллах гадаад ажилчдыг хил нэвтрүүлбэл царцанги байдалд ороод байгаа зарим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, энэ онд тодорхой хэмжээнд ашиглалтад оруулах боломжтой болох юм байна.