Хэрэглэдэггүй эд зүйлсээ бусдад хандивлах аяныг өрнүүлж байна

Иргэд хэрэглэдэггүй хувцас, эд зүйлсээ хаях, шатаах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нь их байдаг. Тэгвэл байгальд ээлгүй хэвшмэл сэтгэлгээг халах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зорилгоор хэрэглэдэггүй эд зүйлсээ бусдад хандивлах аяныг нийслэлд өрнүүлж байна.

Хэрэглэдэггүй хувцас эд зүйлээ бусдад хандивлах "Өгөөмөр нийслэлчүүд 2020" арга хэмжээ энэ сарын 10-аас 12-ны өдөр нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдаж байна. Цар тахлын үед ДЭМБ, ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу чанга яригч бүхий машин нийслэлийн гудамж хороодоор явж хүмүүсийн хэрэглэхгүй байгаа эд зүйлсийг цуглуулан авч байна. Энэхүү үйл ажиллагаа нь иргэд олон нийтэд хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй байх дадал хэвшлийг сурталчлах зорилготойгоор гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.  

Эд зүйлсээ хандивлах хүсэлтэй хүмүүс өөрийн оршин суугаа газрын хороонд хүргэж өгөх боломжтой юм байна. Мөн энэ үйл ажиллагаанд иргэн хувь хүмүүсээс гадна аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцож эд зүйлсээ цуглуулан өгч байна.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хувь хүн, айл өрх, иргэн, аж ахуйн нэгжүүдээс ном, сэтгүүл, хүүхдийн тоглоом, электрон бараа, гэр ахуйн хэрэгсэл, цүнх, хувцас, гоёл чимэглэл зэрэг эд зүйлсийг цуглуулсан байна. Цугласан эд зүйлсийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн асрамжийн төв болон амьжиргааны баталгаажих түвшингөөс  доогуур амьдралтай айл өрхүүдэд өгдөг байна.

Өгөөмөр нийслэлчүүд аян энэ сарын 10-нд Баянгол, Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт, 11-нд Баянзүрх, чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт, 12-нд Багануур, Налайх, Багахангай дүүрэгт тус тус зохион байгуулагдах юм байна.