Тайвань Хонконгийн дүрвэгчдийг хүлээж авах бэлтгэл ажлыг эхлүүллээ

БНХАУ-ын эрх баригчдын санаачилсан Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг баталснаар Хонконгийн "Нэг улс-хоёр систем" бодлого устана хэмээн ажиглагчид болон олон улсын зүгээс үзээд байгаа.

Хэдийгээр Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконг даяар үргэлжилж байгаа ч, баримт бичиг нь боловсрогдож байгаа тус хуулийн төслийг ирэх 8-р сараас эхлэн Хонконгийн нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэх төлөвтэй байна.

Одоогоор Хонконгт эсэргүүцлийн жагсаалууд хүчээ аваад байгаа тул аюулгүй байдлаа хангахын тулд хэдэн зуун хүн Хонконгоос гарах хүсэлтээ олон улсад илэрхийлээд  байгаа. Харин өнгөрсөн сард тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн коммунист дэглэмээс зугтсан Хонконгчуудад туслахад бэлэн гэдгээ мэдэгдсэн хамгийн анхны ерөнхийлөгч болж байсан юм.

Тэгвэл өчигдөр Тайвань арлын эрх баригчдын зүгээс Хонконгийн дүрвэгчдийг хүлээж авах бэлтгэл ажилдаа ороод байгаагаа мэдэгджээ.Тайванийн засгийн газрын зүгээс Хонконгоос ирж болзошгүй дүрвэгчдэд тодорхой хугацаанд сар бүр тэтгэмж олгон, орон байраар хангах зэрэг ажлыг төлөвлөж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Одоогоор хэчнээн дүрвэгч ирэх нь тодорхойгүй байгаа ч 1970-аад оны үед коммунист дэглэмээс зугтаж Тайваньд дүрвэж ирсэн Өмнөд Вьетнамын иргэдийн тооноос хэтрэхгүй байх гэсэн төсөөлөлтэй байгаагаа  албаныхны  зүгээс мэдэгджээ. 

Өнгөрсөн жилээс эхэлсэн Хонконгийн эсэргүүцлийн жагсаалын улмаас 200 орчим хүн Хонконгоос дүрвэн Тайваньд ирсэн бөгөөд одоогийн байдлаар 10 орчим хувьд нь оршин суух зөвшөөрлийг Тайванийн засгийн газраас олгоод байгаа юм.