ОХУ-д

Өчигдөр дэлхий дахинд халдварын 128 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж  Ковид-19 цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 7.5 сая, нас барсан хүний тоо 423 мянгад хүрээд байна.

Манай хойд хөрш ОХУ-д 24 цагийн дотор халдварын 8779 шинэ тохиолдол бүртгэгдэж тус улсын Ковид-19 цар тахлын нийт тохиолдол 502 мянгад хүрчээ.  Тус улсад шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1436 нь нийслэл Москва хотод бүртгэгдсэнээр нийт халдварын тохиолдол 201 мянгад хүрснийг ОХУ-ын Ковид-19-ийн халдвартай тэмцэх шуурхай албанаас мэдэгдсэн байна. Түүнчлэн ОХУ-ын төв банкнаас 25 рублийн Зэс-Никел зоосны загварыг Ковид-19 цар тахалтай өдөр шөнөгүй тэмцэж байгаа эмч мэргэжилтнүүдийн зурагтай болгон өөрчлөн энэ ондоо багтаан гүйлгээнд гаргахаар төлөвлөжээ.

Тэгвэл 4 сарын өмнө халдварын хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн АНУ-д 2 сая гаруй хүн халдвар авч, 116 мянган хүн Ковид-19 цар тахлын улмаас нас баржээ.

Хэдийгээр АНУ-д хөл хориог хэсэгчлэн цуцалж ард иргэд нь энгийн амьдралдаа эргэн орсон ч, тус улсын хүн ам ихтэй Техас, Калифорни мужид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсэн байна. Үүнээс үүдэн дээр дурдсан мужийн засаг захиргааны зүгээс өдөрт илрэх халдварын шинэ тохиолдол буурахгүй бол хөл хориог дахин сунгах бодолтой байгаагаа мэдэгдээд байгаа юм. Харин зуны улирал ойртож байгаа энэ үед  амны хаалт зүүх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй нь олон нийтийн санааг зовоогоод байгаа юм.

Тэгвэл япон улсын эмч, судлаачид зуны улиралд зүүх боломжтой амны хаалт бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд агаарыг илүү чөлөөтэй нэвтрүүлж, нүүрийг хэт халууцуулахаас сэргийлэх шүүлтүүртэйгээр бүтээхийг зорьж байна.