БНХАУ-ын Бээжин хотод 

           Өчигдөр дэлхий дахинд халдварын 123 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж Ковид-19 цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 7.9 сая, нас барсан хүний тоо 435 мянгад хүрээд байна. Харин эдгэсэн хүний тоо 4.1 саяд хүрчээ. Өнгөрөгч бямба гарагт БНХАУ-ын Бээжин хотын баруун өмнөд Фэнтай дүүргийн шинфади зах дээр 517 хүнээс ковид-19 халдварын шинжилгээ авахад 45 хүнээс халдварын шинэ тохиолдол илэрч тус хотод онц байдал зарласан байна. Үүний улмаас Бээжин хотод зохиогдож байгаа тэмцээн уралдааныг түр хугацаанд хориглон, бусад бүс нутгаас ирэх иргэдийн хөдөлгөөний урсгалыг зогсоосноос гадна Шинфади захыг 24 цагийн хамгаалалтад авчээ.

       Харин Ази тивийн халдварын голомт болоод байгаа  Энэтхэг улсад өчигдөр Ковид-19 халдварын 11 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн хүний тоо 333 мянгад хүрснийг тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Ийнхүү Энэтхэг улс дэлхийд халдварын тоогоороо 4-т бичигдэж эхэллээ. Хэдийгээр Энэтхэг улсад өнгөрсөн 3-р сарын сүүлээс эхлэн хөл хорио тогтоосон ч халдвар авсан хүний тоо тасралтгүй нэмэгдсээр байсан бөгөөд тус улсын эрх баригчдын зүгээс өнгөрсөн долоо хоногоос эхлэн хязгаарлалтын арга хэмжээг хэсэгчлэн цуцлаад байгаа юм. Тэгвэл АНУ-ын хувьд өчигдрийн байдлаар халдварын 19 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж тус улсад Ковид-19 цар тахлын халдвар авсан хүний тоо 2.1 саяд хүрчээ. Өнгөрсөн 3 долоо хоногийн турш АНУ-д зохион байгуулагдаж байгаа хүний эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаалын улмаар зарим мужид Ковид-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн тул ДЭМБ-ын зүгээс АНУ, Европт жагсаалд оролцож байгаа хүмүүст эсэргүүцлээ илэрхийлэхийн зэрэгцээ амны хаалт зүүхийг уриалаад байна.