БНХАУ-ын Жэжян мужид шингэн хий тээвэрлэж явсан  ачааны машин дэлбэрчээ

           Өнгөрөгч бямба гарагт орон нутгийн цагаар өдрийн 4 цагт БНХАУ-ын зүүн зүгийн Жэжян мужид шингэн хий тээвэрлэн явсан ачааны машин замын хөдөлгөөнд оролцож байх үедээ дэлбэрчээ. Тодруулбал тус мужийн Венлинг хотод шингэн хий тээвэрлэсэн ачааны машин хурдны зам дээр дэлбэрч ойролцоо байрлаж байсан хүнсний дэлгүүр, орон сууц болон автомашинуудыг сүйтгэсэн байна. Уг дэлбэрэлтийн дараахан хурдны зам дагуу байрладаг хүнсний дэлгүүр дээр унасан автомашин дахин нэг дэлбэрэлтийг үүсгэж ойролцоох үйлдвэрийн барилгыг сүйтгэжээ.

Тус хоёр дэлбэрэлтийн улмаас 19 хүн нас барж, 172 хүн хүнд болон хөнгөн гэмтэж венлинг хотын ойролцоо байрлах 6 эмнэлэгт хүргэн эрчимт эмчилгээг эхлүүлснийг өнгөрөгч ням гарагт аврах албаны багаас мэдэгдсэн байна. Түүнчлэн тус мужийн онцгой байдлын албанаас дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахын зэрэгцээ хэр их хэмжээний хор хохирол ард иргэдэд учирсныг тодруулах ажлыг эхлүүлжээ. Одоогоор 2660 гаруй аврах албаны ажилтан, 180 орчим тээврийн хэрэгсэл хэргийн газарт очин аврах ажиллагааг зохион байгуулж байна.