Туркийн агаарын хүчин терроризмтой тэмцэх шинэ ажиллагааг хэрэгжүүллээ

Өнгөрөгч даваа гарагт туркийн агаарын хүчин "Бүргэдийн савар" хэмээх терроризмтой тэмцэх шинэ ажиллагааны хүрээнд Ирак улсын хойд нутагт байрлах Күрдистаны ажилчны намын объектууд руу цохилт өгснийг тус улсын батлан хамгаалах яам мэдэгджээ.

Күрдийн босогчид  Ирак улсын хойд нутагт баазаа байрлуулдаг бөгөөд Турк улсын зэвсэгт хүчний эсрэг агаарын болон хуурай замын ажиллагаа явуулдаг байна. Мөн  АНУ,  Европ болон Турк улсын засгийн газрын зүгээс Күрдистаны ажилчны намыг террорист байгууллагад тооцдог юм.

Тэгвэл өчигдөр зохион байгуулсан "Бүргэдийн савар" ажиллагааны хүрээнд Иракийн баруун хойд хэсэгт байрлах Басяан, Зап, Синжар уулын бүсэд байрлах Курдистаны ажилчны намын 81 орчим барилга байгууламж дээр 20 орчим бөмбөг хаясан байна. Турк улсын батлан хамгаалах яам  зүгээс бөмбөгдөлтийн үеэр энгийн иргэд гэмтэж бэртээгүйг мэдэгдээд  үйл ажиллагаанд  оролцсон цэргүүд эсэн мэнд, агаарын хүчний бааздаа буцан ирснийг баталсан байна. 

1977 оноос хойш турк улс дахь өөрийн байр суурь, тусгаар тогтнолыг тогтоох гэсэн Күрдистаны ажилчны намтай зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш турк улсын 8266 орчим цэрэг, 6741 энгийн иргэн Күрдын босогчдын дайралтын улмаас амиа алдсан гэх  албан бус тооцоо байдаг бол  дээрх хугацаанд Турк улс  Күрдын 20 мянга гаруй босогчдыг устгажээ.