БНХАУ-д

Өчигдөр дэлхий дахинд халдварын 118 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж Ковид-19 цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 8.1  сая, нас барсан хүний тоо 439 мянгад хүрээд байна. Харин  эдгэсэн хүний тоо 4.2 саяд хүрчээ.

Өнгөрөгч бямба гарагт БНХАУ-ын Бээжин хотын баруун өмнөд Фэнтай дүүргийн Шинфади зах дотор халдварын шинэ голомт үүсэж тус хотод онц байдал зарласан. Тэгвэл даваа  гарагийн өглөөний 6 цагийн байдлаар Бээжин хотод Ковид-19 халдварын шинжилгээ хийх 193 хэсгийг байгуулснаа БНХАУ-ын эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Шинфади захын ойр орчмын  дүүргүүдэд тархвар судлалын нарийн судалгаа, шинжилгээ хийж халдварын эх үүсвэрийг тодруулахаар ажлын багийг томилоод байгаа юм. Одоогийн байдлаар тус захаар үйлчлүүлсэн 29 мянган хүнээс сорьц цуглуулж 13 мянгыг нь шинжлэхэд Ковид-19-ийн халдвар илрээгүй байна.

Харин Энэтхэг улсад 24 цагийн дотор Ковид-19-ийн халдвар 10 мянган шинэ тохиолдлоор нэмэгдэж нийт цар тахлаар өвчилсөн хүний тоо 343 мянгад хүрчээ.  Халдварын тохиолдлоор улсдаа хоёрдугаарт бичигдэж  байгаа Шинэ Дели хотод халдвар авсан иргэдэд зориулж 8000 орыг 500 гал тэрэгт байршуулахаар болсноо Энэтхэг улсын дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна.  Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Энэтхэг улсад энэ сарын эцэс гэхэд халдварын нийт тохиолдол хагас саяд хүрч болзошгүй тул 80 мянган ор дахин нэмж бэлдэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Хэдийгээр АНУ-ын зарим мужуудад хөл хориог цуцлах арга хэмжээ аваад байгаа ч ард иргэдийн аюулгүй байдлын үүднээс 93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолыг нэг жилийн хугацаатайгаар хойшлуулснаа Америкийн кино академиас мэдэгдсэн бөгөөд  ирэх 2021 оны 2 сарын 28-ний өдрийг хүртэл олон улсын кино бүтээлийг нь хүлээн авахаа мэдэгдсэн байна.